Судалгаанд оролцогчдын 11 хувь нь АТГ-ыг шударга ажиллаж байгаа гэж үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-28 16:17:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаанд оролцогчдын 93 хувь нь “авлига манай улсад хэвийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлсэн байна.  Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлсэн уг судалгааны үр дүнг өнөөдөр  “Эмэгтэйчүүд авлигагүй нийгмийн төлөө” чуулганаар хэлэлцүүллээ.


Монголчууд авлигад илүү их бухимдаж, энэхүү хор хөнөөлтэй үйлдлийн талаар ихээхэн мэдлэгтэй болсон нь эерэг зүйл юм. Гэсэн хэдий ч энэ жилийн судалгаа авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улс төрчдөөс хүлээх хүлээлт дордож, авлигын түвшин улсын хэмжээнд түүхэн дээд хэмжээнд хүрснийг харуулжээ.


Тодруулбал, судалгаанд оролцогчдын 76 хувь нь АТГ-т итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд дөнгөж 11 хувь нь уг байгууллагыг шударга ажиллаж байгаа гэж үзжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 88 хувь нь улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг хангалтгүй хэмээн дүгнэжээ. Харин олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.



“Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо” төслийн удирдагч, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн тэргүүн Ц.Бүжидмаа: “Авлигыг таслан зогсоох нь зөвхөн АТГ-т хамааралтай асуудал биш юм. Энэ ажилд иргэн бүрийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой. Тэр дундаа эмэгтэйчүүдээ энэ үйлсэд манлайлж оролцъё гэсэн уриалгыг манай сангаас гаргаж байна. Учир нь айл гэрт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийг ээж нь л олоод харчихсан байдаг. Нөгөөтэйгүүр үр хүүхэд нь сайн сайхан нийгэмд амьдраасай гэсэн сэтгэл эх хүнд гүн шингэсэн байдаг. Түүнээс гадна эмэгтэйчүүд авлигын эсрэг нэгдсэнээр энэ үйлст томоохон ахиц гарсан олон улсын жишээ цөөнгүй бий” гэв.


“Гэрийн даалгавраа сайн хийвэл ээж нь чихэр өгнө” гэх энгийн өгүүлбэр л тухайн хүүхдийг авлига авах дадалд сургах аюултай. Цаашлаад танил тал, давуу байдлаа ашиглан ажлаа бүтээх зэрэг монголчуудын хувьд хэвшил болсон байдлыг халж алхам тутамдаа авлигаас ангид байх буюу авлигын эсрэг соёлыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатайг чуулганаар онцолж байлаа.


Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас зохион байгуулсан уг чуулганд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй ИНБ, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, ЛЭОС-ийн 21 аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд зэрэг 150 орчим эмэгтэй оролцов.

 


Холбоотой мэдээ