Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-25 18:25:44

Ховд /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас төлөвлөгөөт хяналт шалгалтын ажил зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 11 дүгээр сарын 18-29-ний өдөр Жаргалант, Булган, Зэрэг, Манхан сумын гэр хорооллын бүсэд ажиллаж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах талаар заавар, зөвлөмж өгч байна. Мөн зарим шаардлагатай зөрчлийг арилгах үйл ажиллагааг явуулж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар обьектын гал түймэр 3023 удаа гарсан. Үүнд ил задгай үнс нурмаа асгасан 852, пийшин зуух, яндангийн цонолтоос 478, цахилгаан дамжуулагчийг стандартын дагуу хийгээгүй 574 тохиолдол байна. Нийт гал түймрийн 62.9 хувийг гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байна гэх судалгаа бий.  

Тиймээс Монгол Улсын Шадар сайд “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалт” хэрэгжүүлэхээр баталсан аж. Үүний дагуу аймгийн ОБГ-аас хяналт шалгалтын ажил өрнүүлж байгаа аж. 

Энэхүү хяналт шалгалтын үйл ажиллагаа нь Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандартын хэрэгжилтийг хангах замаар гэр хорооллын айл өрхүүдэд болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэж буй.

 

Холбоотой мэдээ