Эквадорт газар хөдлөлтийн дараа 100 орчим хоригдол шоронгоос оргожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бямба гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Эквадорын Манаби мужийн шоронгоос 100 орчим хоригдол оргосон бөгөөд тэдний заримыг нь барьж чадсан гэж тус улсын Хуульзүй, хүний эрх болон шашны хэрэг эрхэлсэн сайд Леди Суньига Роча ням гарагт мэдээлжээ. Түүний хэлснээр, байгалийн гамшгийн улмаас шоронгийн дэд бүтцийн байгууламж эвдэрч нурсан байна. Газар хөдлөх үеэр хоригдлууд амиа алдсан эсэх талаар мэдээлээгүй байна.
“Портовьехогийн шоронгоос 100 орчим хоригдол зугтсан, бид тэднийг цагдаа нарын хамт эрэн сурвалжилж байна. 30 орчим хоригдлыг барьж чадсан бөгөөд тэдний зарим сайн дураараа буцаж ирсэн” гэж Суньига “Twitter” дэх хуудсандаа бичжээ. Аюулгүй байдлыг хангах үүднээс хоригдлуудыг төрөл төрөгсөдтэй нь уулзуулахыг түр зогсоох шийдвэр гаргасан байна.
1979 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Эквадорт 246 хүн амиа алдаж, 2500 гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн төв нь тус улсын баруун хойд хэсэгт оршдог Манаби мужийн Педерналес хотын бүсэд 20 км-ын гүнд байсан байна. Мексик, Колумб, Сальвадор зэрэг бүс нутгийн хэд хэдэн орон Эквадорт хүмүүнлэгийн тусламж, эмч, аврагчид болон техник хэрэгсэл илгээхээр шийджээ. Хүнсний бүтээгдэхүүн ачиж, эмч, гал сөнөөгчдийн багийг суулгасан эхний онгоц Венесуэлээс Эквадорт хэдийн ирсэн байна.
Д.Жаргал