“Их говийн тэмээний баяр-2019” наадам эхэллээ

Фото
185@montsame.mn
2019-11-25 17:32:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн тэмээн сүргийн үүлдэр угсааг сайжруулж, тоо толгойг өсгөх, тэмээчдээ алдаршуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлан дэлгэрүүлэх зорилготой “Их говийн тэмээний баяр-2019” Алтай хотноо эхэллээ.

12 дахь жилдээ зохиож буй уг наадмын нээлтэд тус аймгийн ИТХ-ын дарга Ж.Батжаргал, Засаг дарга В.Рэнцэндорж, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нарантэмүүжин болон албаны бусад зочид төлөөлөгчид оролцож тэмээчин олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Түүнчлэн энэ удаагийн наадмыг үзэж сонирхохоор БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг албаны бусад хүмүүсийн хамтаар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн гэргий Алтай нутгийг зорин ирсэн юм.

Элчин сайд Доан Тхи Хыөнг: “Миний бие Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын урилгаар энэ наадмыг үзэхээр анх удаа хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Говь-Алтай аймгийн ард иргэд, ялангуяа говийн малчид тэмээчдийн эрх ашгийн төлөө миний бие Вьетнам Улс болон Говь-Алтай аймгийн хооронд найрамдалт харилцаа тогтоох хүсэлтэй байна. Мөн Монголчуудын өв соёл болсон энэ сайхан наадмыг үзэж байгаагийн хувьд Вьетнам улсынхаа ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчлах болно” гэдгээ илэрхийллээ. 

“Их говийн тэмээний баяр” наадам нь анх УИХ, Засгийн газрын гишүүн, Төр нийгмийн зүтгэлтэн, “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын Хүндэт тэргүүн агсан Ц.Дашдоржийн санаачилгаар 2005 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд зохион байгуулж байсан юм. Түүнээс хойш өдгөө 12 дахь удаагаа уламжлал болгон жил бүр зохион байгуулж буй малчдын хүсэн хүлээдэг томоохон наадмын нэг болсон юм. “Их говийн тэмээний баяр-2019” наадам 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод хоёр өдрийн турш үргэлжлэх юм. 

Наадмын үеэр тэмээ, тэмээчин, говь нутгийн сэдэвт уран бүтээлийн тоглолт, “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, шилмэл ингэ, шилмэл буур, сайхан тэмээтэй ганган хос шалгаруулах уралдаан, тэмээн поло, хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн зөвлөгөөн, “Тэмээн сүргийн говь" хүндэтгэлийн тоглолт зэрэг олон үйл ажиллагаа болно.

Энэ удаагийн үйл ажиллагааг анхлан санаачилж ажил хэрэг болгосон “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын Хүндэт тэргүүн агсан Ц.Дашдоржийн нэрэмжит болгон зохион байгуулж буйгаараа онцлогтой болж байна.