Эртний монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 13:35:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Монгол Өв” реалист уран бүтээлчдийн холбоо хамтран “Өв” үзэсгэлэнг өнөөдөр Төрийн ордонд нээлээ.


“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой, Өрлөг жанжин Зэлмийн мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан нээж буй уг үзэсгэлэнд найман уран бүтээлчийн 20 орчим бүтээлийг дэлгэжээ. Өнөөдөр 16.00 цаг хүртэл дэлгэх уг үзэсгэлэнд 13 дугаар зууны үеийн монгол ахуйг харуулснаараа онцлог юм. Төрт ёсны түүх, Монголын ард түмний амьдрал уламжлал, ёс, зан заншлын их өв санг уран бүтээлийнхээ сэдэв болгосон нь чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга үзэсгэлэнгийн нээлтийн үеэр тэмдэглэв.


Тэрбээр, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д “Монгол Улсын иргэн бүрийн үндэсний үнэт зүйлээрээ бахархагч, тэдгээрийг хайрлан хамгаалагч, тээн хөгжүүлэгч байх эх оронч үндэсний үзэл, улс, үндэснийхээ ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахыг эрмэлзсэн идэвхтэй үйл ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны эх үндэс болно” гэж заасан байдаг. Үүнийг хичээнгүйлэн мөрдөж, сахин хэрэгжүүлэх нь иргэн бүрийн үүрэг байх учиртай” хэмээсэн юм.


Холбоотой мэдээ