Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-22 16:56:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсыг тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26-нд, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" 27-нд тохиож байгаа тул Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин захирамж гаргаж ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Захирамжийн дагуу Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 11 дүгээр сарын 25-ны даваа гарагийн хичээлийг 2019 оны 12 дугаар сарын 07-ны бямба гарагт нөхөн үзнэ.

Хичээлийн хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахыг ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудад, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, БСУГ-ын дарга нарт даалгажээ.

Ингэснээр Дорноговийн сурагчид ирэх амралтын өдрүүдтэй нийлээд тав хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан бол Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр хуульчилсан байдаг.

Үүнтэй уялдуулж Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрлэн бүх нийтээр ёслон тэмдэглэж байх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. 

Холбоотой мэдээ