Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Алтан гадас одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-22 13:39:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.


Газар тариаланд шинжлэх ухаанч арга барилыг нэвтрүүлэх, Монгол орны нөхцөлд тохирсон тариалалтын арга зүйг боловсруулах, шинэ сорт гаргах үйлсэд олон жил амжилттайгаар ажиллаж, олон зуун эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг төрүүлсэн тул тус газрыг Алтан гадас одонгоор шагнаж байгаагаа Ерөнхийлөгч Х.Баттулга онцлов.


Монгол Улсын хэмжээнд тариалагдаж байгаа үр тарианы 30 хувь, төмсний 80 хувь, хүнсний ногооны 80 хувь, жимс жимсгэнийн 70 хувь нь тус хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачдын ажлын үр дүнд үүссэн, нутагшуулсан сорт аж. Ургамал, газар тариалангийн хүрээлэн үр тариа, төмс хүнсний ногооны шинэ сортын үр үйлдвэрлэх “Гарааны Дархан-Элит”, төмсний үр үйлдвэрлэлийн “Гарааны бичил булцуу”, био бордооны “Гарааны Био-Ундарга“ компани байгуулан ажиллуулж байгаа. Цаашид ч хүнс, тэжээлийн таримлын үр үйлдвэрлэлийн чиглэлээр гарааны компаниудыг байгуулахаар зорин ажиллаж байгаа аж.


Ерөнхийлөгч Х.Баттулга, "Монголын тариаланчид дотоодын буудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 50 хувь хангаж байгаа үзүүлэлтийг цаашид улам ахиулж, хүнснийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг болох үйлсэд Та бүхний судалгаа, шинжилгээ чухал үүрэгтэй бөгөөд энэ үүргээ гүнээ ухамсарлаж, хариуцлагатайгаар биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

Холбоотой мэдээ