Есөн метр өндөр усан хөшиг бүхий музейн барилгыг барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-11-25 11:53:50

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад байгуулж буй бүтээн байгуулалтуудын талаар тус сумын Тамгын газрын дарга Ж.Даваахүүтэй ярилцлаа.


 - Даланзадгад сумын угтах, үдэх хаалганы талаар яриагаа эхлүүлье. Их өртгөөр босч буй бүтээн байгуулалт гээд иргэд их шүүмжилж шуугисан?

- Аливаа суурин газар өөрийн билэгдлийг агуулсан угталт, үдэлтийн хаалгатай байдаг. Манай хаалганы хувьд 669 сая төгрөгийн өртгөөр боссон. Иргэд олон талаас нь харж шүүмжилсэн нь бий. Тэгсэн хэдий ч бид энэхүү бүтээн байгуулалтаа хийж чадлаа. Ер нь аймгуудаар явж байхад орон нутгийнхаа хэв шинжийг агуулсан хаалганууд байдаг. Жишээ нь Хэнтий аймгийн хаалга түүхийн өв соёлыг агуулсан байдаг. Манай хаалганы хувьд орчинг нь тохижуулж өгснөөрөө онцлог. Энд хүмүүс сууж амрах газартай, авто машины зогсоолтой, бие засах газар гээд бүх зүйлийг нь шийдэж өгсөн. "Барилгачдын холбоо"-ны санаачилгаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна, Даланзадгад сумаас хаалга хүртэлх буюу 6 км замын гэрэлтүүлгийн ажлын талыг нь хийсэн.   

- Энэ жилийг соёлыг дэмжих жил гээд аймгаас зарлачихсан байгаа. Үүнийхээ хүрээнд их олон ажлыг хийж байгаа. Харин Даланзадгадын хувьд ХЖТ, музейн барилгыг барьж байна. Тухайн бүтээн байгуулалтаасаа тодруулах уу?

- Өмнөговь аймгийн ХЖТ-ын барилгыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. 9,9 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа бүтээн байгуулалт. Энэхүү театр нь 800 хүний суудалтай. Музейн хувьд зургаан давхар барилгатай тэнцэх хэмжээний өндөр уг барилгыг 5,7 тэрбум төгрөгөөр барьж байгуулж байна. Энэхүү барилга энэ ондоо ашиглалтад орно. Музейн хувьд онцлог нь түүх соёлын үнэт зүйлсийг хадгалах стандартыг хангасан, Монголд байхгүй 9 м өндөр усан хөшигтэй гэдгээрээ онцлог. 

- Театрын барилга хэзээ ашиглалтад орох вэ?

- Театрын барилгын хувьд энэ жил жаахан саатал гарсан. Энэ нь техникийн дутагдлаас болж зогссон, одоо үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Ирэх оны эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.

- Харанхуй аймаг гэж хэлүүлж байсан нь саяхан шүү дээ. Харин одоо гэрэлтүүлэг хаа сайгүй л хийж байна. Энэхүү бүтээн байгуулалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- Суурин газар ард иргэдийн аюулгүй амар тайван амьдрах гол үндэс нь гэрэлтүүлэг шүү дээ. Даланзадгадын гэр хорооллын гэрэлтүүлгийн зураг төслийг хийгээд дууссан байгаа. Ингээд эхнээсээ гэрэлтүүлгээ хийгээд явж байна. 1,3 тэрбум төгрөгийн төсвөөр дээрх ажлыг хийж байна. Үүнд Дундсайхан, Зүүнсайхан хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болсон. Мөн Оюут хорооллыг 50 хувь гэрэлтүүлэгтэй болгосон. Хануул, Бага уул, Жаал уул, Баруун сайхан хорооллын 50 хувьд нь гэрэлтүүлэг хийхээр гүйцэтгэгч компани нь шалгарчихаад байна. Үүнээс гадна дугуйн, явган зорчигчийн зам, гэрэлтүүлэгтэй нь авто машины замыг цогцоор нь барьж байна. Цаашдаа ч үүнийг анхаарахаар юм байна. Нэгийг нь хийж орхиод дахиад нэмж нөгөөг хийхээр хуучнаа заавал засварлах, устгах байдал үүсдэг. 

- 2019 онд ийм цогцоор нь хэдэн км зам барьсан бол?

-  Энэ онд  1,3 км ийм цогц зам барьсан байна.

- Гэрэлтүүлэг хийснээр гэмт хэрэг багассан байлгүй дээ?

- Бид ганц гэрэлтүүлэг хийгээд зогсоогүй ээ. Даланзадгад сумаа камержуулсан. Гэхдээ хэчнээн олон камер байгаад гэрэлтүүлэггүй бол хянах боломжгүй шүү дээ. Нийт 35 байршилд 89 ширхэг камер байршуулсан. Үүнээс 10 гаруй нь өндөр хүчин чадалтай. Машины дугаар таних бүрэн боломжтой нягтаршил сайтай. Энэ ажлыг 560 сая төгрөгийн өртгөөр хийсэн. Дээрх камеруудынхаа ихэнхийг хотынхоо захаар буюу гэр хорооллын аслагдсан газруудаар тавьсан. Ирэх оноос ийм өндөр хүчин чадалтай камеруудыг төвдөө байршуулахаар төлөвлөж байгаа. 

- Даланзадгад сум маань хаяагаа тэлээд шинэ суурьшлын бүстэй болсон. Тэгэхээр энд одоо ямар бүтээн байгуулалт хийж байна вэ?

- Шинэ суурьшлын бүсийг байгуулаад бас хэдэн жил болчихсон байна л даа. Манай сум төвдөө шигүү тул зарим баяр ёслолын үеэр зам түгжрэх хэмжээнд хүрч байсан. Тиймээс шинэ суурьшлын бүс рүүгээ төрийн байгууллагуудын заримыг шилжүүлсэн. Үүнд манай сумын ЗДТГ, Монгол банк зэргийг гаргаж ирсэн. Одоо энд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Татварын газар, Мэргэжлийн хяналтын газрын байр шинээр барьж байна. Шинэ суурьшлын бүсэд стандарын дагуух шугам сүлжээний ажил их чухал. Тиймээс энэ онд 1,9 тэрбум төгрөгийн өртгөөр иж бүрэн шугамын ажлыг хийгээд дуусаж байна. Үүнд дулааны шугам, халуун хүйтэн усны шугам, бохирын шугам багтаж байгаа. 

- БНМАУ-ын баатар Түвдэнгийн Борын талбайг энэ онд шинэчлэн засварласан байгаа. Үүнд хэр өртөг оров?

- БНМАУ-ын баатар Түвдэнгийн Бор бол яах аргагүй бидний бахархал шүү дээ. Залууст үлгэр дууриал болох түүхэн гавъяатай энэ хүнд зориулсан талбай хуучирсан байсан. Бид 2017 онд үүнийг бүрэн шинэчлэн засварлах шаардлагатай гэж үзсэн. Уг талбайг энэ онд "Залуус талбай" болгон өөрчилж 476 сая төгрөгийн өртгөөр шинэчилсэн. Мөн энэхүү талбайн доогуур Даланзадгадын гол дэд бүтцийн шугам байсныг бүрэн шинэчилж засварласан. Тэнд байсан хуучин хөшөөг нь Цогт-Овоо суманд сэргээн байршуулаад байна. Т.Бор нь хуучнаар Цогт сумын ХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан. Тэр нь одоогийн Цогт-Овоо сум юм л даа. "Залуус талбай"-н хувьд залуус чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тохиромжтой суух сандалтай, дэлгэцтэй, гэрэлтүүлэгтэй, камержуулалттай гээд яах аргагүй иргэдийн талархал хүлээсэн бүтээн байгуулалт болсон. 

- Өмнөговь аймаг энэ оныг "Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Даланзадгадад махны үйлдвэр барьж байгууллаа. Тухайн үйлдвэрийнхээ талаар танилцуулах уу?

- Орон нутагт үйлдвэрлэл их чухал байна. Ялангуяа иргэдийнхээ хүнс рүү чиглэсэн үйлдвэрлэл чухал хэрэгтэй байгаа юм. 2018 онд махны үйлдвэрийн зураг төсвийг гаргасан. Одоо энэ үйлдвэр маань ашиглалтад орчихсон, үйл ажиллагаа нь эхэлчихсэн явж байна. Уг үйлдвэрийг 975 сая төгрөгийн өртгөөр байгуулсан. Орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан, бүтэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах үйлдвэрийг зоорийнх нь хамт шийдсэнээрээ онцлог.  Энэхүү үйлдвэрийг байгуулахдаа хувийн аж ахуй нэгжтэй хамтарсан. Бүтээн байгуулалтын санхүүжилтын 80 хувийг аж ахуй нэгж, 20 хувийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас гаргасан байгаа. 

- Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гадна тал их сайхан болжээ. Авто машины зогсоол, зам барьчихаар тухайн орчинд тоосжилт л лав алга болж. Энд хийсэн бүтээн байгуулалтын талаар та дэлгэрүүлэх үү?

- Бүсийн оношилгоо эмчилгээний төв, хуучнаар манай нэгдсэн эмнэлэг л дээ. 2017 оноос статус нь өөрчлөгдөөд Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон өргөжсөн. Мэргэжилтэн албан хаагчдын хувьд ч нэмсэн. 2017-2018 онд шинэ барилга барьж ашиглалтад оруулсан. Эмнэлгийн орчин гэдэг чинь цэвэр цэмцгэр байх учиртай, ядаж л эмчлүүлэх гэж ирсэн, өвдсөн шаналсан хүмүүсийг аятай, тухтай орчин угтвал сэтгэл зүйн хувьд ч сайхан шүү дээ. Өмнө нь машины зогсоол байхгүй тоосон дунд л байдаг байсан. Гадаа салхинд суух сандал, сүүдрэвч  ч ховор байлаа шүү дээ. 2018 онд үүнийг цэгцлэхээр зураг төсвийг нь гаргаж энэ онд бүтээн байгуулалтыг хийлээ. Үүнд 2,8 тэрбум төгрөг зарцуулсан. Гадна талыг нь цогцоор нь өөрчилсөн. Авто машины зам, зогсоол болон явган хүний зам, чийрэгжүүлэлтийн талбай, хүний амрах орчин гэх зэрэг бүтээн байгуулалт хийсэн.

- Өдөр ирэх тусам Даланзадгад өнгө орж бүтээн байгуулалтууд нэмэгдээд хот шинж рүүгээ орж байна гэж хүмүүс ярих болжээ.  Энэ онд зөвхөн бүтээн байгуулалтад хэдий хэрийн хөрөнгө зарцуулсан бэ?

- Даланзадгад сум бол аймгийн төвийн сум. Манай аймаг өөрөө төсвөө бүрдүүлж, улсын төсөвт татаас төлдөг аймаг. Уул уурхайтай аймгийн хувьд хөгжлөөрөө, бүтээн байгуулалтуудаараа улсдаа тэргүүлдэг. Сүүлийн хоёр жил дараалан тэргүүний аймаг боллоо. Ийм аймгийн, төвийн сумын хувьд бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн онд 74,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийсэн. Энэ оны хувьд энэ хэмжээний хөрөнгө төлөвлөөд ажлуудаа хийж байна. Сум өөрийн төсвөө бүрдүүлэх дээр анхаарал тавьж, өнгөрсөн онд орон нутгийн төсвийн төвлөрөлтийг 136 хувиар давуулан биелүүлсэн. Иймээс сум өөрөө багагүй ажлыг мөн хийсэн байгаа. 

Холбоотой мэдээ