Монгол, ОХУ-ын мөөгний аж ахуйнхан хамтран ажиллахаар боллоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-20 20:04:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Саха (Якут) улс болон ОХУ-ын Алс дорнодын Еврейн автономит мужийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд Монголын ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтыг зохион байгуулагч Монгол Улсаас ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш нээж, ОХУ-ын Саха улсын ХАҮТ болон Еврейн автономит мужийн Хөрөнгө оруулалтын агентлаг зохион байгуулан манай улсад бизнесийн төлөөллөө ирүүлээд буйг танилцууллаа.

Хойд хөршийн бизнесийнхний бүрэлдэхүүнд Саха улсын хүнсний үйлдвэрлэлийн “Богатид”, үслэг эдлэлийн “Пушная Якутия” болон гоёл чимэглэл, үнэт чулууны боловсруулалт, үйлдвэрлэл эрхлэгчид, Еврейн автономит мужаас гутлын “Биробиджанская обувная фабрика”, “Росток”, оёмол сүлжмэл, хөвөн бөс бараа үйлдвэрлэлийн “ТОРИ” зэрэг компани, мөөгний аж ахуй эрхлэгчид ирээд байна.



ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Э.Оюунтэгш хэлэхдээ, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн 9-р сард манай улсад айлчлахдаа хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал тавьж анхаарснаар ОХУ-аас энэ намар бид 10 дахь удаагийн төлөөллөө хүлээн авч байна" гэв. Тэрээр, “ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн шугамаар үүний өмнө Монголд ОХУ-ын Томск, Эрхүү муж, Хакасийн бизнесийн төлөөлөл айлчилсан бол одоо Алс дорнодынхон ирээд байна. Удахгүй, энэ ондоо багтан Москва болон Орловск мужийн бизнесийнхэн Монголд айлчилж ажил хэргийн яриа өрнүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэдгийг дуулгалаа.


Өнөөдрийн уулзалтын үеэр Монголын талаас “Өүлэн минж” компани ОХУ-ын Еврейн автономит мужийн оёмол сүлжмэл үйлдвэрлэлийн “ТОРИ” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн мөөг тариалж үржүүлэх талаар манай талаас “Мөөгий органик” ХХК мөн ОХУ-ын Еврейн автономит мужийн мөөгний аж ахуй эрхлэгч Р.А.Пешков нар гарын үсэг зурлаа.


Бид Саха улсын ХАҮТ-ын төлөөлөгч Д.М.Винокуровагаас манай улсад ирээд буй сэтгэгдлийг сонсвол, “Бид Монголд өнөөдөр өглөө ирсэн. Харин 3 хоногийн өмнө ирсэн Еврейн автономит мужийнхан гэрээ хэлэлцээр хийх хэмжээнд хүрчээ. Бид ч дутахгүй гэж бодож байна. Манай бизнес эрхлэгчид Монголын хүнсний үйлдвэрлэл, хүнсний томоохон сүлжээ дэлгүүрийнхэн, мөн арьс шир боловсруулагчид, үнэт чулуу борлуулагчид, бэлэг дурсгалын худалдаа эрхлэгчид, аялал жуулчлалынхантай уулзаж хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.


Уулзалтын үеэр хоёр талын бизнес эрхлэгчид хамтран ажиллаж БНХАУ руу экспорт хийж, тус улсаар дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд гарах боломжтой талаар ярилцлаа.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ