Улсын филармони 48 дахь улирлын тоглолтоо нээж, "Баянмонгол" чуулга 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-20 19:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолт энэ сарын 22-нд болно. 

Энэхүү “New season 2020” тоглолт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэх юм байна. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Баян Монгол” жааз найрлын 50 жилийн ойн баярын тоглолтын тухай мөн мэдээллээ.



Анх Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимэддоржийн санаачилгаар Соёлын яамнаас чуулга байгуулах шийдвэр гаргаж, есөн уран бүтээлчтэйгээр эхлүүлж байсан бол өдгөө хөгжим, техник, уран бүтээлчдийн ур чадвараар дэлхийн түвшний биг бэнд болтлоо өсөж дэвжсэн “Баян Монгол” чуулгынхан 50 жилийн ойн баяраа энэ сарын 30-нд “Корпорэйт конвеншн центр”-т хийх аж.  

Баярын тоглолт чуулгын түүх өгүүлсэн баримтат киногоор эхлэх юм байна. “Баян Монгол” чуулгынхан чуулгын түүх, урын сан, уран бүтээлчдийн тухай өгүүлсэн баримтат кино, ном, хос цомог гаргажээ. Чуулгын уран бүтээлээс 1980 онд дээжлэн бичүүлж гаргасан пянзыг сэргээж шинэ найруулга, өнгө аястайгаар хэвлүүлсэн байна. “Баян Монгол” чуулгын 1980 оны пянзанд буй уран бүтээлийг өнөөдрийн хөгжимчид шинэ найруулгаар тоглох бөгөөд дуучин Н.Наранбаатар Л.Оюунчимэг агсны дуулсан “Аяны шувууд”, М.Янжиндуламын ард түмэнд хүргэж хит болгосон “Орь залуу нас” дууг дуулна.


Холбоотой мэдээ