Өрх толгойлсон эмэгтэйг уян хатан цагаар ажиллах боломжтой болгох ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 18:07:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын уян хатан цагаар ажиллах боломжийг бүрдүүлэхэд төрийн байгууллагууд анхаарах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Мөн төрөөс өрх толгойлсон эцэг, эхийг дэмжих оновчтой бодлого боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатайг дурдаж байлаа.


УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль баталсан ч шаардлагатай санхүүжилтийг бүрэн тусгаагүйгээс хэрэгжилт хангалтгүй байгааг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлов.


Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсныг дурдаад, "Энэхүү төсөлд хүүхдийн тэтгэлэг төлөх механизмыг бүрдүүлэхээр тусгасан" хэмээв. Мөн иргэдэд ажил хөдөлмөр эрхлэх, гарааны бизнесээ эхлүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх урт хугацаатай, бага хүүтэй зээлийн бодлогоор дэмжих Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн мэдүүлснээ танилцууллаа.

Холбоотой мэдээ