Малын хулгайчид ногдуулах ялыг чангатгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-20 17:52:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдөж байна. Уг хуулийн 17.12 дугаар зүйлд 8-аас дээш тооны бод, 24-өөс дээш тооны бог хулгайлбал хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулдаг болсон байна. Тодруулбал, 8-аас доош бод, 24-өөс доош тооны бог хулгайлсан тохиолдолд нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулахаар заасан. Мал хулгайлсан гэмт хэрэгтэнд ногдуулах ялын хэмжээг бууруулснаас гэмт хэрэгтэн ял завшиж, улмаар энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх шалтгаан болж байна хэмээн төсөл санаачлагч үзжээ. Тиймээс мал хулгайлсан гэмт этгээдэд оногдуулах хариуцлагын хэмжээг зааглаж, захиргааны бус эрүүгийн хариуцлага ногдуулахаар заасан байна. Мөн “олон тооны мал” гэж хавтгайруулж заасныг хасахаар тусгажээ.


Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Холбоотой мэдээ