Энэтхэгт монголчууд амьдарч байсныг илтгэх баримтыг дэлгэв

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-11-20 19:53:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Энэтхэг судлалын төв хамтран зохион байгуулсан “Энэтхэгийн хойд хэсэг, Гималайн хөндийн инди-монголойчуудын соёл, уламжлал ба монголчууд, эртний хэлхээ холбоо, тэдгээрийн ижил төстэй байдал” эрдэм шинжилгээний хурал Хүмүүнлэгийн их сургуульд өнөөдөр боллоо.

Хималайн сав нутаг болон Энэтхэгийн зүүн хойд 8 мужийн өвөгтэй хамт монголчууд эртнээс хөрш хиллэж, хамтран ажиллаж амьдарч байсныг доктор, судлаач Д.Нямдаваа  баримт татан илтгэсэн юм.


Тэрбээр Энэтхэгт 15 жил ажиллахдаа дээрх бүх муж нутгаар явж, баримтаа цуглуулан судалгаа хийжээ. Хойд хүннүчүүдтэй хиллэн амьдардаг байхдаа инди үндэстнүүд тэднийг "Хуначууд" гэж нэрлэж байсан, хадны зураг, чулуун зэвсгийн үеийн олон олдвор байдгаас гадна одоо ч тус муж нутагт амьдардаг хүмүүс монгол ёс заншилтай, соёлын зарим зүйл, эд хэрэглэл, хөгжим дуу, хувцас хунар зэргээрээ монголчуудтай төстэй байгааг онцлон ярив.

Харин судлаач Л.Батаа илтгэлдээ, Монголоос Энэтхэгт, Энэтхэгээс Төвөдөд будда нэвтэрч байсныг манай он тооллын өмнөх 3-9 дүгээр зууны үед бичиж тэмдэглэж байсан лам нарын судар, тэр үед бүтээсэн газрын зургаар  жишээ татан ярив.

Мөн Нийгмийн Эрүүл мэндийн төвийн судлаач Н.Сувд илтгэлдээ, Энэтхэгийн хойд нутагт амьдардаг монгол туургатны үр удамтай холбоотойгоор тэнд хөх толботой хүүхэд төрдөг тухай өгүүлэв.

Дэлхийд тархан суурьшсан, өөрсдийгөө монгол цустай гэдэг хүмүүсийн тоо өдгөө 50-60 саяын дотор эргэлдэж байгааг ч эрдэмтэн судлаачид дурдлаа. Тухайлбал, Балбад 12 сая, БНЭУ-д 30 сая, ОХУ-д 863 мянга, БНХАУ-д 5,8 сая, Афганистанд 4 сая, Пакистанд 2 сая, Иранд 2 сая, Төв Азийн орнуудад 10 орчим сая байдаг аж.

Монгол, Энэтхэгийн эртний хэлхээ холбоог 3700-10000 жилийн түүхтэй, нийтийн тооллын 465 оны үеэс төв Азиар дамжин Хойд Хүннү буюу Хуначууд Энэтхэгт нэвтрэн хаант улсаа байгуулж байсан болон 1526 онд Чингис хааны хүргэн гэж өөрийгөө зарласан Бабур хаан Могулын эзэнт гүрнийг байгуулж 1871 он хүртэл оршин тогтнож Английн колоничлолтой золгосон. Бабурын удмынхан Монголын Барлас аймгаас үүдэлтэй нь үүнийг нотолно гэх зэрэг сонин, содон баримтыг өгүүлж, Монгол, Энэтхэгийн эртний түүхийг шинэ өнцгөөс тайлбарласан илтгэлүүд цаашдаа судалгааны шинэ эргэлтэд орох цаг болсныг эрдэм шинжилгээний хурлын үеэр мөн хөндлөө.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр, эртний уран барилгууд, их хаадын үеийн мөнгө, гүйлгээ хийж байсан зооснууд, перс, араб, энэтхэг, монгол хэлээр бичигдсэн толь бичгүүд, судар ном, одоогийн амьдарч байгаа монгол угсаа гаралтай гэгдэх хүмүүсийн хэрэглэж байгаа хувцас, хоёр бөхтэй тэмээ, сарлаг, ямаа зэрэг мал маллаж, сүү цагаан идээгээ боловсруулах арга зэргийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд мөн Монгол, Энэтхэгийн төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын түүхэн зургууд хүндтэй байрыг эзэлсэн байлаа.  

Холбоотой мэдээ