ОХУ-д их, дээд сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-11-20 17:08:38
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 49 дэх жилийн хүрээнд ОХУ (ЗХУ)-д их, дээд сургууль төгсөгчдийн IV чуулга уулзалт Эрдэнэт хотноо амжилттай боллоо.

Чуулга уулзалтыг Оросын шинжлэх ухааны төв, ОХУ-ын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэхүү үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэгчээр оролцлоо.

Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа чуулганд оролцогчдод хандан үг хэлснээр уг үйл ажиллагаа эхэлсэн юм. Тэрээр төгсөгчдөд хандан “Монгол, Оросын найрамдалт харилцааны тулгуур болсон хүмүүс гэж та, биднийг нэрлэж болох байх. Та, бид ОХУ (ЗХУ)-д суралцаж эрдэм мэдлэг, боловсрол олж авахын зэрэгцээ Оросын ард түмний зан заншил, ёс суртахуун, соёлыг түгээн дэлгэрүүлэх хүндтэй үүрэг хүлээсэн Монгол Улсын иргэд юм.

Найрамдал, хамтын ажиллагааны гол зүтгэх хүч нь хойд хөршид сургууль төгсөгчид, тэр дундаа Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч буй та бүхэн онцгой үүрэгтэй байсан гэж би бодож байна. Эрдэнэт хот бол найрамдлын хот, Эрдэнэт үйлдвэр бол найрамдлын үр шим. Энд орос, монгол хүмүүс мөр зэрэгцэн ажиллаж, хот сүндэрлүүлэн, эдийн засгийн томоохон тулгуур болох Эрдэнэт үйлдвэрийг ажиллуулж байна. Та бүхний сурсан мэргэжил Эрдэнэт үйлдвэрийг өдий зэрэгт хүргэж, Монгол Улсын эдийн засгийг өсөж тэлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхээр биднийг холбогч гол хүчин зүйл нь ОХУ яах аргагүй мөн. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ. 

Орхон аймгийн хэмжээнд ОХУ-д сургууль төгсөгч 900 орчим хүн байгаагийн 90 хувь нь Эрдэнэт үйлдвэрийн боловсон хүчин юм. Мөн Эрдэнэт хотын хэмжээнд Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, гавьяат 64 хүн төрөн гарсны 30 гаруй хувь нь ОХУ-д сургууль төгсөгч, Эрдмийн зэрэг цолтой 62 хүний 30 гаруй хувь нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ