Инженерийн хийцтэй 28 худаг ашиглалтад оруулж 42 мянган га бэлчээрийг усжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 14:05:47

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг энэ онд нийт 28 инженерийн хийцтэй худаг ашиглалтад оруулж 42 мянган га бэлчээрийг усжуулж  140,0  мянган толгой малыг услах боломж бүрдүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Улсын төсвийн 205,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэ, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумын бэлчээрт тус бүр хоёр инженерийн хийцтэй нийт найман худгийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна.

Харин "Шинэ хөдөө-Дорноговь" төслийн хөрөнгө оруулалтаар Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Даланжаргалан, Иххэт, Өргөн, Мандах, Сайхандулаан суманд тус бүр хоёр нийт 16 инженерийн хийцтэй худгийн ажлыг “Эхний эхэн” ХХК, “Урандриллинг” ХХК тус тус гүйцэтгэж байна.

Мөн аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 24,3 сая төгрөгийн хөрөнгөөр Сайншанд суманд нэг инженерийн хийцтэй худаг,  сумын ОНХС -ийн 45 сая төгрөгийн хөрөнгөөр гурван инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажлыг гүйцэтгэж буй.

.

Холбоотой мэдээ