"Улаанбаатар хотын цэвэр агаар" төсөлд 12 сая ам.доллар зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-19 14:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, “Улаанбаатар хотын цэвэр агаар” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Ингэхдээ, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтож, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болов.


Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт санхүүжилтээр нийслэлийн өмчит байгууллагын халаалтын зуухыг буулган төвлөрсөн дулаан хангамжид холбон, НМХГ-т агаарын чанарыг хянах тоног төхөөрөмж авах юм.


Мөн гэр хорооллын 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв /дулаалга, орлогод нийцсэн орон сууц, ногоон барилга, ногоон зээлийн сан, эрчим хүчний хэмнэлттэй халаалт гэх мэт/ байгуулж агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх,  эрчим хүчний хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын хэрэгсэл нэвтрүүлэхийг дэмжих юм. Түүнчлэн, 5000 хүртэлх өрхөд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл нийлүүлэх зэрэг ажил хийхээр төлөвлөөд байна. 

Холбоотой мэдээ