Аймгаараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-11-20 15:07:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд шатрын спортыг эрчимтэй хөгжүүлэх замаар монгол хүний авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, энэхүү спортоор олон улс, тив, дэлхийд өрсөлдөж, амжилт гаргах өндөр зэрэглэлийн тамирчдыг тасралтгүй бэлтгэх зорилгоор “Аймгаараа шатарчин хөдөлгөөн”-ийг өрнүүлэхээр болжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан захирамж бүхий энэхүү хөдөлгөөн нь 2022 он хүртэл хэрэгжих юм байна.

Баянхонгор аймагт Шатрын спортын үүсэлтэй холбоотой байж болохуйц түүхэн дурсгалт газар, олон улсад нэрээ цуурайтуулсан олон сайн шатарчид төрөн гарсан байдаг. Тэдний залуу хойчийг бэлтгэхийн сацуу шатрын спортоор аймаг, орноо сурталчлах зорилтыг ч мөн тавьжээ.

Олон улсын Их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Батчулуун, шатрын спортын Улсын анхны аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Спортын мастер Б.Ичинхорлоо зэрэг алдартнууд Баянхонгорынх.

Ташрамд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг "Шатар чулуу"-ны хөшөө дурсгал нь манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв гэж үздэг. Шатар чулууны тухай түүхийн нэн сонин домог байдаг. Энэ нь Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн шатар чулууны хөшөө дурсгалыг босгосон гэж ам дамжин ярьж иржээ.

МЭ 450-550 жилийн үед Хүннү нар шатар тоглодог байсныг Английн эрдэмтэн Г.Мэрэй “Шатрын товч түүх” номондоо тэмдэглэснээс үзвэл, Монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн дүгнэлт хийж болох. Зарим судлаачийн тэмдэглэснээр энэхүү дурсгалын ойр орших Эрдэнэцогт сумын төвийн байрлаж байгаа газарт эртний Хүннү гүрний үеийн хот суурины үлдэгдэл байх магадлал өндөртэй гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ