Бичил уурхай эрхлэгчдийн тоо хоёр дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-18 15:26:38
NandiaMontsame
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тогтвортой бичил уурхай төслийн хаалтад зориулсан "Хариуцлагатай бичил уурхай" форум өнөөдөр боллоо. Форумд салбарын яамд, олон улсын байгууллага, бичил уурхай бүхий орон нутгийн удирдлага, уурхайчдын төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож 14 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Тогтвортой бичил уурхай төлсийн үр дүн болон бичил уурхайн салбарт баримталж буй бодлого шийдвэрийн талаар хэлэлцлээ. 

Швейцарын Засгийн газар Швейцарын хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол Улсад харилцан уялдаатай хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, суурь боловсрол ба мэргэжлийн сургалт, засаглалын хөгжлийн дэмжсэн олон төсөл хэрэгжүүлж байгаагийн нэг нь Тогтвортой бичил уурхай төсөл юм. Уг төслийг 2005-2019 онуудад дөрвөн үе шаттай хэрэгжүүлснээр очсон газартаа адлагдан байж, аж амьдралаа залгуулдаг байсан "нинжа" буюу хувиараа ашигт малтмал олборлогчид бичил уурхай, хоршоодын зохион байгуулалтад орж, баталгаатай ажлын байртай болох эхлэл тавигджээ.

Өдгөө 1181 бичил уурхайн нөхөрлөлд 10 гаруй мянган уурхайчин ажиллаж байгаа нь 2013 оныхтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

2019 онд улсын хэмжээнд 2685 га газрынг бичил уурхайн зориулалтаар олгосон бөгөөд уурхайчдын жилийн дундаж орлого 2015 онд 55 хувь, 2016 онд 16 хувиар нэмэгдэж хууль бус олборлолтоос үүдэлтэй осол эндэгдлийн тоо эрс буурчээ. Түүнчлэн 2019 онд уурхайчид өөрсдийн хөрөнгөөр 526 га талбайд нөхөн сэргээлт хийсэн нь 2013 оныхтой харьцуулбал 20 дахин нэмэгдсэний дээр Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Өмнөговь зэрэг аймагт мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологи нэвтэрсэн зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан байна. 


Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Н.Эрдэнэсайхан: "Бичил уурхай бол зөвхөн УУХҮЯ-ны асуудал биш, энэ бол нийгмийн олон салбарын асуудал. Тиймээс салбар бүр өөрсдийн чиг үүргийнхээ хүрээнд бичил уурхайд нэвтэрсэн сайн туршлагыг цааш нь хөгжүүлэх ёстой. Төслөөр мөнгөн усгүйгээр алт боловсруулах технологи нэвтэрсэн, бичил уурхай эрхлэгчид орон нутгийн зохион байгуулалтад орсон, гар аргаар нөхөн сэргээлт хийх боломжтой болсон зэрэг олон үр дүн гарсан. Түүнээс гадна бичил уурхайчид орон нутгийн хөгжил, эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ өөр бизнест хөрөнгө оруулж, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэх хандлага ажиглагдаж байна" гэв. 


Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал: "2000-аад оны их ган зудын улмаас манай аймгийн мал сүргийн талаас илүү хувь хорогдсонтой холбоотой иргэд малчид амьдралын эрхэнд уул уурхайн салбар руу орсон. Тэр үед зөвхөн Алтан ус хэмээх газарт л зундаа 10 мянга гаруй хүн цугларч олборлолт хийдэг байсан жишээтэй. Түүнээс хойш улс орны эдийн засаг сэргэж, хот суурин газар хөгжсөн зэрэг ажил хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдсэн. Гэсэн хэдий ч бичил уурхайчид байсаар байгаа учир энэ салбарыг зөв хөгжүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатай. АМГТГ-аас бидэнд өгч буй талбай бол нөөц бодогдоогүй талбай. Тэр газрыг ашиглах зөвшөөрөл аваад нөөц илрээгүй тохиолдолд иргэд хууль зөрчин талбайг ухаж эхэлдэг. Тиймээс газрын асуудал бол нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай асуудал юм. Нөгөөтэйгүүр бичил уурхай эрхлэгчид нэгдэж нөхөрлөл болсноор зөвхөн амин хувиа хичээх бус бусдыгаа ч мөн боддог сайхан жишиг тогтлоо" хэмээв. 


Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Шижир" нөхөрлөлийн ахлагч Д.Туяа: "Манай нөхөрлөл 15 гишүүнтэй. ХАБ-ийг хангаж, амьдралынхаа чанарыг сайжруулахын тулд нөхөрлөлийн зохион байгуулалтад шилжсэн нь үр дүнгээ өгч байна. Бид 2014 онд өмнө олборлолт хийсэн 1 га талбайд техник, биологийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэн өгсөн. Зөвхөн бичил уурхай эрхлэх бус Мандал суманд евро хашааны үйлдвэрлэл эрхэлж орлогын эх үүсвэрээ төрөлжүүлж байна" хэмээв. 


Холбоотой мэдээ