Дональд Трампын эрүүл мэндийн талаар таамаглал дэвшүүлэхгүй байхыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-11-17 14:01:29

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эрүүл мэндийн талаар таамаглал дэвшүүлэхгүй байхыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришем бямба гарагт уриалжээ.


“Миний өгч буй үнэн зөв мэдээллийн хүрээнээс хальсан таамаглалууд нь маш хариуцлагагүй бөгөөд улс оронд аюултай. Олон нийт болон зарим сэтгүүлчийн хувьд таамаглал дэвшүүлж, цуурхал тараах нь илүү сонирхолтой байдаг бололтой. Трамп үзлэгт орсныхоо дараа эмнэлгийн ажилтнууд болон цэргүүдийн гэр бүлийнхэнтэй уулзсан” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга “Twitter” хуудсандаа бичсэн байна.


Америкийн удирдагч “маш завгүй байх 2020 он гарахын өмнө” жил тутмын төлөвлөгөөт үзлэгийн эхний хэсгийг эхлүүлэхийн тулд амралтын өдрүүдийг ашиглахаар шийдсэн гэж Гришем өмнө нь мэдээлжээ. Үүний тулд тэрбээр Мэриленд муж улсын Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт очсон байна. Ерөнхийлөгч Трамп эрч хүчтэй хэвээр байгаа бөгөөд эрүүл мэндийн талаар асуудалгүй гэж Гришем түүнийг эмнэлэгт очсны дараа мэдэгджээ.


Цагаан ордны хэвлэлийн албанаас баасан гарагт нийтэлсэн Ерөнхийлөгчийн амралтын өдрүүдийн албан ёсны хуваарьт эмнэлэгт очих тухай байгаагүй байжээ. Үүнтэй холбоотойгоор "Twitter" сүлжээ хэрэглэгчид Цагаан ордны тэргүүний эрүүл мэндийн талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлжээ. Тухайлбал, Трампын Мэриленд руу очсон шалтгаан нь цээж нь өвдсөнтэй холбоотой гэх цуу яриа тарж эхэлсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж эхэлснээсээ хойш Трамп хоёр удаа буюу 2018, 2019 онд эрүүл мэндийн жил тутмын үзлэгт хамрагджээ. Тэрбээр хоёр удаа үзлэгт хамрагдахдаа хоёуланд нь өвлийн эхэн сард Уолтер Ридийн нэрэмжит эмнэлэгт орсон байна. Энэ жилийн хоёрдугаар сарын эхээр орсон өмнөх үзлэгийн дараа эмч нар түүний эрүүл мэндийг "маш сайн" гэж дүгнэжээ.


АНУ-ын 37 дахь Ерөнхийлөгч Ричард Никсоноос /1969-1974 онд Ерөнхийлөгч байсан/ хойш тус улсын удирдагчид эрүүл мэндийн үзлэгт ордог болсон байна. Ийм үзлэг хийх явцад хараа, сонсгол, хамрын хөндий, бамбай булчирхай, уушги, зүрх, арьс, улаан хоолой, булчин, яс, тархины үйл ажиллагааг шалгадаг байна.

Холбоотой мэдээ