Нийт халдварт өвчний 53 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-16 23:23:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт бэлгийн замын халдварт тэмбүү өвчин сүүлийн 12 жил буюу 2007-2018 оны хооронд өссөн үзүүлэлттэй байгаа нь аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаанаас харагдлаа. 2019 оны эхний 10 сарын байдлаар л гэхэд нийт халдварт өвчний 53 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байгаа аж.

Мэдээж зам харилцаа, шилжилт хөдөлгөөн, уул уурхай гээд олны хөлийг дагаж тоо нь нэмэгддэг гэгддэг учраас аймгийн төв Эрдэнэбулган, Цэнхэр, Ихтамир зэрэг хэд хэдэн суманд 88 хүртэл өндөр тоотой байна. Аймгийн эрүүл мэндийн газраас барьж буй нэг зорилт бол бэлгийн замын халдварт өвчний илрүүлгийг маш сайн зохион байгуулж, ажил болгох явдал гэлээ. Цаашлаад тэмбүүгийн хавьтагчдыг олж эмчлэх нь чухал бөгөөд хувь хүний нууцыг хадгалж, эмчлэх нь эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой гэдгийг ч хэлж байлаа.

Архангай аймагт бэлгийн замаар дамжих халдварт өвчтэй бүртгэгдсэн нийт хүнийг насаар нь ангилбал 15-24 насны хүмүүс ихэнх буюу 43.9 хувийг эзэлж байна. Хүйсээр нь авч үзвэл 26 хувь нь эрэгтэйчүүд, 72.4 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Яагаад эмэгтэйчүүд ийм хувийг эзэлж байгааг ЭМГ-аас тайлбарлахдаа, “Эмэгтэйчүүд жирэмсэн болоход заавал шинжилгээ өгдөг. Өөрөөр хэлбэл, илрүүлэг шинжилгээг эмэгтэйчүүд сайн өгдөг. Ард нь эрчүүд мэдэгдэхгүй үлддэг учраас цөөн тоотой байгаа. Тийм учраас тэмбүүгийн хавьтагчийг олж, илрүүлж эмчлэх нь чухал” гэв.

Өөр нэг тоо дурдахад бэлгийн замын халдварт өвчтэй бүртгэгдсэн нийт хүний 33.1 хувийг малчин, 30 хувь нь ажилгүй, 33.1 хувь нь жирэмсэн хүмүүс гэдэг судалгааг гаргажээ. Он гарсаар төрөлхийн тэмбүүтэй нэг нярай төрж, нас барсан байна.

Бэлгийн замаар дамжих өвчнийг болон бусад халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэхийн тулд сумдын иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх, суманд хийх БХДХ-ын оношилгооны чадавх, нэр төрлийг нэмэгдүүлэх, аймаг, сум орон нутгийн удирдлагын дэмжлэг, оролцоог нэмэгдүүлж, санхүүжилтыг шийдвэрлүүлэх, зөөврийн дижитал рентгений аппараттай болох, иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгааг хүртээмжтэй хүргэж, давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аймгийн ЭМГ болон сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хэлж байв. 

Холбоотой мэдээ