Монголын шигшээ баг Камбожийн шигшээтэй тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-13 17:15:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шигшээ баг, Камбож улсын шигшээ багтай хийх албан ёсны нөхөрсөг тоглолт маргааш /2019.11.14/ болно. 


Монголын үндэсний шигшээ баг Камбож улсад 7 хоног байхдаа фитнесс болон талбайн бэлтгэлийг өдөр бүр хийсэн байна. Өнөөдөр Камбож улсын олимпын цэнгэлдэхэд тус тоглолтын хэвлэлийн бага хурал болж хоёр улсын ахлах дасгалжуулагч, тоглогч нар оролцов.


Монголын шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс: Юун түрүүнд Камбожийн хөлбөмбөгийн холбоо болон МХБХ-ны удирдлагуудад энд бэлтгэл хийх боломж олгосонд талархал илэрхийлье. Яг одоо Монголд -20 хэмийн хүйтэн байгаа. Тиймээс Мьянмар улсад зочлон тоглох чухал тоглолтод халуун дулаан уур амьсгалд дасан зохицох гээд олон асуудал бидэнд тулгарах байв. Тэдгээрийг шийдэхэд Камбож улсад хийж буй энэ бэлтгэл бидэнд их тус болж байна. Камбож улсын шигшээ баг бол хүчтэй баг, ДАШТ-ий урьдчилсан шатны С хэсэгт бичигдэж байгаа. Албан ёсны тоглолт учраас бид бүх чадлаа дайчлан тоглох болно.


Монголын шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал: "Камбож улсад бэлтгэл хийж байгаа нь сайн хэрэг. Камбож улсын шигшээ багийн хувьд хүчтэй сайн баг. Эхний хагаст гоол алдалгүй сайн хамгаалж, тоглолтыг өөрийн хэмнэлдээ оруулах нь бидний гол зорилго. Юутай ч энэ улсаас оноотой буцахыг хичээх болно.


Камбожийн шигшээ багийн дасгалжуулагч Феликс Далмас: "Бид ДАШТ-ий урьдчилсан шатны дараагийн тоглолтоо Хонконгийн эсрэг хийнэ. Монголын шигшээ багийн хувьд, Хонконгтой ижил биеийн хүчний тоглолттой, хүчирхэг баг. Тиймээс сайн бэлтгэл болно гэж бодож байна. Бид өөрсдийн үндсэн хэв маягийг алдалгүй тоглохыг хичээх болно.


Камбожийн шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 172 дугаар байрт бичигддэг бөгөөд ахлах дасгалжуулагчаар аргентин мэргэжилтэн Феликс Далмас, Японы шигшээ багийн тоглогч асан Кейсүкэ Хонда нар хамтран ажилладаг. Тоглолт 11 дүгээр сарын 14-ний өдөр Камбож улсын цагаар 18:30, Монголын цагаар 19:30 минутаас олимпын цэнгэлдэхэд явагдана. Энэхүү тоглолтыг Камбожын хөлбөмбөгийн холбооны фейсбүүк хуудсаар шууд дамжуулах юм.

Холбоотой мэдээ