Статистик мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярыг Увс аймгийн статистикчид өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд ойгоо угтаж “Статистик хөгжилд хөтлөгч хүч” сарын аяныг өрнүүлж, энэ хүрээнд олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн статистик мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.
-Монгол Улсад статистикийн салбар үүсч хөгжсөний түүхт 95
жилийн ойн баярын мэндийг нийт
статистикч нартаа хүргэе. Увс аймгийн статистикчид бид 11-р сарын 11-нд ойгоо тэмдэглэж,
салбарын хамт олноо хамруулсан. Энэ үеэр анхан шатны мэдээ тайлан гаргаж байгаа
93 багийн Засаг дарга, эрүүл, мэнд боловсролын салбарын мэдээ тайлан гаргаж
байгаа статистикчид, сумын мэдээ тайлан гаргагчид, сумын удирдлагууд гэх мэт
250-иад статистикч хамрагдсан томоохон зөвлөгөөн боллоо.
Зөвлөгөөнөөр
салбартаа он удаан жил ажилласан ажилтнуудаа шагнаж урамшуулсанаас гадна тэмцээн
уралдаанд тэргүүлсэн хүмүүсээ шагнасан. 2019 оны “Статистик хөгжилд хөтлөгч хүч”
аяны хүрээнд “Аймгийн шилдэг багийн засаг дарга”-аар Өлгий сумын Хөдөлмөр
багийн Засаг дарга Д.Аюуш шалгарсан. Мөн “Аймгийн төвийн шилдэг багийн засаг
дарга”-аар Улаангом сумын 2-р багийн Засаг дарга Т.Эрхэмбаяр, “Шилдэг статистикч”-аар Сагил сумын статистик хариуцсан мэргэжилтэн Б.Минжигмаа
шалгарсан. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 2000 шахам
байгууллагаас мэдээ тайлангаа цаг хугацаанд нь онлайн хэлбэрээр өгч хэвшсэн “Увс
хүнс” хувьцаат компанийн мэдээлэгч Ч.Батзаяа “Тэргүүний мэдээлэгч”-ээр
шалгарсан.
Манай хэлтсээс жил бүр гар бөмбөгийн тэмцээн явуулдаг байсан бол энэ жил спортын их наадам болгож өргөжүүлсэн. Шатар, даам, дардас болон гар бөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээн зохион явуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд 11 багийн тамирчид оролцож, 1-р байрыг Тариалан сумын багийн статистикчид авсан. Мөнгөн медалийг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, хүрэл медалийг боловсролын салбарын статистикчид хүртсэн. Эрчүүдээс Хяргас сумын статистик хариуцсан мэргэжилтэн Д.Бадамдорж, эмэгтэйчүүдээс аж ахуйн нэгж байгууллагын Д.Сарантуяа нар шилдгээр шалгарсан байгаа. Багийн дүнгээр Тариалан сум цомын эзэн болж, дараагийн тэмцээн хийх эрх авсан хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг ярилаа.