Боливийн Ерөнхийлөгч асанд орогнол олгохыг эсэргүүцжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-13 08:27:46

МЕХИКО. /TASS/.  Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралест орогнол олгохыг Мексикийн парламент дахь сөрөг хүчний Үндэсний үйл ажиллагааны намын удирдагч Марко Кортес эсэргүүцжээ.


“Эрх баригчдад хавчигдаж буй хэн бүхнийг хүлээж авах хүмүүнлэг ёс Мексикт байдаг хэдий ч энэ тохиолдолд тэрбээр өөрөө эрх баригч бөгөөд засгийн эрхийг булаасан. Тэрбээр хилийн чанадаас хамгаалалт хүсэх арга замыг хайхын оронд хууль бус үйлдлийнхээ үр дагаврыг хариуцахын тулд үлдэх ёстой байсан юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Боливид 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн нийтэлсэн мэдээллээр, ерөнхийлөгчийн сонгуульд Моралес ялжээ. Түүний гол өрсөлдөгч тус улсын Ерөнхийлөгч асан Карлос Меса эхний шатанд өрсөлдөгчөө ялсныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.


Сонгуулийн дүнг зарласны дараа Боливид эсэргүүцлийн ажиллагаа өрнөж, ажил хаялт эхэлсэн байна. Арми, сөрөг хүчин, үйлдвэрчний эвлэлүүд Моралесыг огцрохыг шаарджээ. Энэ сарын 10-нд тэрбээр огцрохоо мэдэгдэж, нөхцөл байдлыг төрийн эргэлт хэмээн тодорхойлсон байна. 

Холбоотой мэдээ