Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-11-11 21:50:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дэлхийн банкны дэмжлэгээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын санаачилгаар Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.

Энэхүү хөтөлбөр нь зөвхөн аймгийн төвд буюу Дэлхийн банкны шалгуурын дагуу төв суурин газар хэрэгжих гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд хоёр төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тодруулбал, нэгдүгээрт бичил бизнес эрхлэгчдийг дэмжин бага хэмжээний зээл олгох бол хоёрдугаарт ажлын байрны эрэлтэд нийцүүлэн чадавхжуулах цогц сургалтыг зохион байгуулна хэмээн тус аймгийн Хөдөлөмөр халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу мэдээлэв.

Бичил бизнес эрхлэгчдийг нийт 268 сая төгрөгийн санхүүжилтээр дэмжиж 24 сарын хугацаатайгаар сарын 0,6, жилийн 7,2 хувийн хүүтэй зээл олгох юм. Зээлийг олгохдоо нэг ажлын байранд таван сая төгрөг, хоёр ажлын байранд 10 сая төгрөг хүртэл олгоно. Мөн бичил бизнес эрхлэгчид зээл авахаасаа хоёр хоногийн өмнө төсөл хэрхэн бичих тухай сургалтад хамрагдах ажээ. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид бичсэн төсөлд нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжих боломжоор хангах юм байна. 

Түүнчлэн гурваас дээш ажиллагсадтай нийгмийн даатгалын шимтгэл төлдөг албан ёсны хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгууллагын саналаар өөрт нь хэрэгцээт сургалтыг зохион байгуулах юм. Сургалтын онолын мэдлэгийг тус аймгийн МСҮТ-тэй хамтран зохиох бол дадлага ажлыг захиалга өгсөн аж ахуйн нэгжийн ажлын байранд нь зохион байгуулна гэдгийг онцоллоо. 


Холбоотой мэдээ