Хэнтий аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг 91.7 хувьтай хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-11 20:18:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Өнөөдрийн байдлаар Хэнтий аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлыг 91.7 хувьтай хангаад байгаа талаар ХХААГ-аас мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 8.9 мянган малчин өрхөд 5,1 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 8.9 сая толгой мал өвөлжих аж. Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл 86.8 хувь, аймгийн аюулгүй нөөц бүрдүүлэлт 111.1 хувьтай бэлтгэгдсэн бол сумдын аюулгүй нөөц бүрдүүлэлт 73.7 хувь, худгийн бэлэн байдал 92.3 хувь, малын усан хангамж 92.1 хувь, хашаа бууцны хангамж 92.2 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг 92.2 хувьтай хангажээ.

Хадлан тэжээл бэлтгэх ажилд 18 сумын 3699 хүн, 2171 техник хэрэгсэл, 20 хадлангийн салаа гаран ажиллаж, 130.0 тонн өвс бэлтгэхээс 121.8 мянган тонныг бэлтгэсэн нь 93,7 хувь, 180 тонн тэжээл бэлтгэхээс 144.0 тонныг бэлтгэсэн нь 80 хувьтай байна.

Үүнчлэн Хэнтий аймгаас Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт таван сумын 28 өрхийн 34,0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт зургаан сумын 183 өрхийн 153,8 мянган толгой мал, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутагт гурван сумын 334 өрхийн 194,8 мянган толгой мал, Хилийн зурвас бүс нутагт хоёр сумын 64 өрхийн 9,8 мянган толгой мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт долоон сумын 629 өрхийн 213,6 мянган толгой мал, нийт 1238 өрхийн 606,1 мянган толгой мал тус тус отроор өвөлжихөөр бэлтгэлээ хангажээ.

2019-2020 оны өвөл 1,1 сая толгой малыг зах зээлд борлуулж, 32,0 мянган тонн махыг хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэхээр тооцоолжээ.

Аймгийн хэмжээнд үр тариа 11015 га-гаас 13442 тонн ургац хураасан нь нэгжээс 12,2 центнер, төмс 231,2 мянган га-гаас 3299,4 тонн, хүнсний ногоо 136,8 мянган га-гаас 2048,3 мянган тонныг тус тус хураасан дүн гарчээ.

Хэрлэн суманд халаалтын 16 зуух үйл ажиллагаа явуулж байна. Үүний ес нь "Хэнтий-Ус" ХХК-д харьяалагддаг бөгөөд эдгээр зуухнуудад өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд урсгал засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн хийсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Нүүрс ханган нийлүүлэгч "Бэрх-Уул" ХХК нь 2019-2020 онд 183894 м3 хэмжээтэй хөрс хуулалт хийсэн нь хэрэгцээт хэмжээний нүүрс олборлоход хүрэлцээтэй гэж мэдэгджээ.

 

Холбоотой мэдээ