Сайхан суманд мотоциклтой малчин эргүүл ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-11 15:44:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан суманд мал сүргээ хулгайн гэмт хэргээс хамгаалах зорилгоор мотоциклтой малчин эргүүл ажиллаж эхлээд байна. Сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумын салбар зөвлөл, Цагдаагийн албатай хамтран сумын 6 багийн 24 байршилд 80 мотоциклтой эргүүл ажиллуулах юм байна.

- Эргүүл хийх малчин, багийн Засаг дарга, цагдаагийн албан хаагчидтай хамтран гэнэтийн эргүүлийг долоо хоногт 3-4 удаа хийхээр боллоо. Малчин эргүүлийн эхний ээлжийн 40 мотоциклтой залуучуудад сумын ИТХ дарга Д.Сансар-Очир, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Ганхуяг нар сургалт хийлээ гэж сумын ИТХ-ын ажилтан Х.Эрдэнэбат ярилаа.

Мөн малчин эргүүлд үнэмлэх, шатахуун, утасны нэгж олгож, хил залгаа аймаг, сумдад гэмт хэрэгт холбогдож байсан бүртгэлтэй этгээдүүдийн зураг, алдуул болон эзэн нь тодорхойгүй малын зургийг үзүүлэн нүдлүүлэх ажил хийжээ. Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс малчин өрхүүдэд зориулсан “Айл хүний амь нэг-саахалт хүний санаа нэг” уриалга, товхимолыг хэвлэн тарааж эхлээд байна.

Холбоотой мэдээ