Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-15 11:07:22

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн “Хохирогчийн эрх” гэсэн зүйлийг “Хохирогчийн эрхийг хангах” гэж өөрчлөн найруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зөвлөлийн чиг үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэрэгжүүлэхээр өөрчлөх, төрийн байгууллага, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагаас гаргасан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн сурталчилгааг хэвлэл мэдээллийн байгууллага нэвтрүүлэх, нийтлэх үүрэг хүлээхээр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг авмагц таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг даруй авах, дуудлага тасарсан, дуудлага хаанаас ирсэн нь тодорхойгүй бол хохирогчийн байршлыг тогтоох арга хэмжээг даруй авахаар хуулийн төсөлд нэмж тусгах зэрэг зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 саналыг нэгдсэн хуралдаанд оруулж буйгаа Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Тэмүүжин, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 33, найруулгын 25 саналаар санал хураалт явуулж дуусан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцууллаа.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Бакей сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, багийн эмчийн салбар, эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд олгох урамшуулал төсөвт дарам учруулах эсэх талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл энэ хуулиар өрхийн эрүүл мэндийн төсвийг чадварлаг, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, бусад эмнэлгийн тусламж, үйлчилгээний байгууллагатай хэрхэн уялдаж ажиллах талаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуультай нэр томьёоны хувьд нийцсэн эсэх, клиникийг сургалт, судалгаа явуулахаар заасан нь оновчтой эсэх талаар ажлын хэсгээс асууж, хариулт авсан байна.

УИХ-ын гишүүн А.Тлейхан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг батлан гаргах нь эрүүл мэндийн салбар, эмнэлгийн засаглалыг сайжруулж, эрх зүй, зохион байгуулалт, менежментийн томоохон өөрчлөлтийг авчрах төдийгүй УИХ-ын гишүүдийн нийгэмд оруулж буй томоохон хувь нэмэр энэ болно хэмээсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа санал, дүгнэлтийг танилцуулах үеэр дурдсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Ё.Отгонбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Үүний дараа байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ