С.Буяннэмэх судлалд цоо шинэ өнгө аяс орууллаа

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-08 22:34:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУСГЗ, сэтгүүлч, судлаач, доктор Т.Баасансүрэн “Сономбалжирын Буяннэмэхийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлогт хийсэн ажиглалт шинжилгээ” номоо уншигчдад өргөн барилаа.

Номын нээлт Улаанбаатар эрдэм их сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд өнөөдөр болов.

Номын өмнөтгөлд МУСГЗ, доктор, профессор До.Цэнджав “Утга зохиолын судлал шинжилгээнд, “зохиолчийн лаборатори” буюу “зохиолчийн урлан судлалд” маш үнэ цэнтэй бүтээл гаргасан нь их дээд сургуулиудын сургалт болоод эрдэм шинжилгээний ажилд гарын авлага болгон ашиглаж болохуйц тулгуур бүтээл гэж бүрэн хэлж болно. Ер нь С.Буяннэмэх өөрөө маш зөрчилтэй, өвөрмөц олон талт, ямагт цоо шинийг эрэлхийлэгч байсныхаа хувьд судлаач шинжээчдийн анхаарлыг татаж, өөрийгөө өртүүлж чаддаг тийм алдар гавьяатай ховор уран бүтээлч юм. Т.Баасансүрэн хэцүү төвөгтэйг барьж, мухардал бүрээс гарч шинэ шинэ үг санааг хэлж, өмнөх судалгааг давталгүй, өөрийн соргог дүгнэлтийг хийснээрээ “Буяннэмэх судалгааг” улам лавшруулж, шинэ байранд аваачсан гэхэд болно” хэмээжээ.

Мөн Утга зохиолын  судлаач, доктор, профессор С.Байгалсайхан, “С.Буяннэмэхийн талаарх иж бүрэн цэгцтэй, олон талын материал дүгнэлтийг нэгтгэсэн, түүнийгээ эргээд задлан шинжилсэн, С.Буяннэмэх судлал төдийгүй Монголын шинэ үеийн утга зохиолын судалгаанд цоо шинэ өнгө аяс оруулж иржээ” хэмээн дурджээ.


Номын зохиогч Т.Баасансүрэн хэлэхдээ, “С.Буяннэмэх бол Монголын XX зууны түүхэнд  мартагдахын аргагүй ул мөрөө үлдээсэн хүн. Улс төрийн зүтгэлтэн, Монголын залуучуудын байгууллагын анхны дарга, Ардын намын анхны томоохон төлөөлөгчийн нэг юм. МАХН-ын II их хуралд үндсэн илтгэлийг С.Буяннэмэх тавьж байсан юм билээ. Зохиолчдын байгууллагыг үүсгэгч, сэтгүүлчдийн онол практикийн асуудлаар өөрийн үгийг хэлж байсан. Судлаачийн хувьд, Монголын утга зохиол, сэтгүүл зүй, сэтгүүл зүйн шүүмж судлалыг үндэслэсэн. Мөн Монголын жүжгийн зохиолыг үндэслэгч, шинэ Монголын түүхэнд анхны шүлгийг бичсэн. Дожоогийн Цэдэв, БНХАУ-ын Өвөр Монголын судлаач эрдэмтэн Ван Мандуга нар бүх зохиол бүтээлийг нь эмхэтгэн Өвөр Монголд хуучин монгол бичгээр дөрвөн боть гаргасан. Түүнийг нь мөн кирилээр гаргаж байгаа. С.Буяннэмэх хилс хэргээр 35-хан насандаа хэлмэгдлийн хар шуурганд цаазлуулсан. Хэрвээ амьд мэнд байсан бол Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен гуайн хэмжээнд, илүү ч гарах том эрдэмтэн болох байсныг үгүйсгэхгүй. Их зохиолч Д.Нацагдоржийн зохиолыг бүгд мэддэг. Харин С.Буяннэмэхийн бүтээлийг 1962 он хүртэл хорьсон учраас сайн мэддэггүй. 1970-1980 оны үед л утга зохиол нь хэвлэгдсэн. Анхны түүвэр нь 2017 онд гарсан. Үүнийг үзэж байж бид энэ хүнийг шинээр нээж байна” гэв.


Холбоотой мэдээ