Орон нутгийн эмнэлгүүдэд дизель мотор хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-08 17:02:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мобиком корпорац ХХК ЭМЯ-тай хамтран орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдэд эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох төхөөрөмж хандивлахад хамтран ажиллах тухай санамж бичиг байгууллаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Мобиком корпорацын ерөнхий захирал Тацуяа Хамада нар Санамж бичигт гарын үсэг зурав.     

Мобиком корпорац ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Тухайлбал, Хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгын засвар, сумын эмнэлгүүдийн их засвар, Дархан хотын саажилттай хүүхдийн сувилал цэцэрлэгийн засварын ажилд тусалж, ОБЕГ-т ой хээрийн түймэр унтраагч тоног төхөөрөмж, сум багийн эмч нарт анхан шатны тусламжийн иж бүрдэл, Нэгдүгээр амаржих газарт NANO технологийн угаалгын машиныг тус тус хандивлажээ.

Харин энэ удаад орон нутгийн 40 нэгдсэн эмнэлэгт эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох дизель моторыг хандивлав. Ингэснээр эдгээр эмнэлэгт цахилгаан доголдож тасалдсан ч эмчилгээ үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм.

Холбоотой мэдээ