У.Хүрэлсүх: Бичигт-Хөөт чиглэлийн аж үйлдвэрийн паркийг Сүхбаатар аймгийг түшиглэн байгуулах нь зөв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-11-07 17:27:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймагт ажиллалаа. Монгол орны зүүн бүс нутгийг дамжин өнгөрөх Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын аж үйлдвэрийн паркийг тус аймгийг түшиглэн байгуулах нь зөв гэдгээ илэрхийллээ. Учир нь ингэснээр дэд бүтцийн асуудлыг шинээр шийдвэрлэхгүй байх боломжтой гэж үзэж байгаа юм.

Тэрээр үүнтэй холбоотойгоор холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамтаар судалгаа тооцоо хийх, зарим асуудалтай биечлэн танилцах ажлаар иржээ.

Уг төмөр зам ашиглалтад орсноор зүүн бүс нутаг дахь 200 орчим ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болохоос гадна зөвхөн тус салбарт арван мянга орчим ажлын байр шинээр бий болно.

Мөн зөвхөн уул уурхайн салбараас гадна хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн тээвэр, логистикт чухал нөлөө үзүүлж, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжин хөгжинө гэж үзэж байгаа юм.

Тодруулбал, Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаад эхэлсэн. Ирэх намраас Сайншанд –Алтанширээтийн нефтийн үйлдвэр барих бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Уг нефтийг Дорнод аймгийн Тамсагаас авна, харин нефтийг хоолойгоор татах уу, төмөр замаар татах уу гэдгийг бид холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамтаар газар дээр нь судалж явна. Хэрэв төмөр замаар татвал Сайншанд, Алтанширээ,Баруун-Урт, Тамсаг, Нөмрөг, Хөөт, Бичигт гэсэн  маршрутаар явах юм. Төмөр замаар нефть татвал зүүн бүсэд гурван боомт шинээр нээгдэнэ. Урьдчилсан төсөөллөөр төмөр зам тавих нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, судалгааны ажил хийж байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо.

Төмөр зам тавибал 10000 хүн ажлын байртай болно. Улс орны эдийн засаг сэргэж, аж амьдрал сайжирвал орон нутгийн иргэдийн амьдрал дагаад дээшилнэ. Аймаг орон нутгийн удирдлагууд нутаг орноо хөгжүүлэхэд санаа бодлоо хэлэлцэж, хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг ч онцолж байсан юм.

Мөн Бичигт-Хөөт чиглэлийн аж үйлдвэрийн паркийг Сүхбаатар аймагт байгуулах юм бол үүнийгээ дагаад газрын тос, түүхий эд нийлүүлэх болон бусад төрлийн үйлдвэрүүд хөгжих бүрэн боломжтой гэв. 



Холбоотой мэдээ