Олон эмд тэсвэртэй сүрьеэг 9 сарын хугацаанд эмчилдэг болжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-11-07 16:17:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон эмд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-г эмчлэх хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгожээ. Ингэснээр өвчтөн, түүний гэр бүл болон эрүүл мэндийн салбарт учруулах санхүүгийн дарамтыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа аж.

2019 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар, манай улсад нийтдээ 85 хүн богино хугацааны эмчилгээний горимоор эмчлүүлсэн байна.

2014 оноос ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, сүрьеэгийн лавлагаа лаборатори, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо хамтран олон улсын, олон төвт STREAM эмнэлзүйн III үеийн судалгааны нэг хэсэг болон ажиллаж буй. Судалгааг Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн судалгааны хэлтэс  хариуцан, Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны Вайтал Стратежис байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
 
Судалгааны I шатанд Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп зэрэг 4 орон оролцож,  ОЭТС-гийн эмчилгээний хугацааг шинэ эм хэрэглэхгүйгээр 9-11 сар болгон богиносгожээ. Энэхүү үр дүн 2019 оны 3 дугаар сард “New England Journal of Medicine” олон улсын нэр хүнд бүхий анагаахын сэтгүүлд хэвлэгдсэн юм.
 
Манай улсын сүрьеэгийн тусламж үйлчилгээний удирдамжид богино хугацааны эмчилгээний горим орж, 2018 оноос сүрьеэгийн хөтөлбөрийн хүрээнд ОЭТС-г эмчилж эхэлсэн нь судалгааны үр дүн хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.

Судалгааны II шатанд бедаквилин хэмээх ОЭТС-г эмчлэхээр 40 гаруй жилийн дараа гарган авсан шинэ эмийн III үеийн судалгааг 2016 онд Монгол Улс эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон. Бедаквилин эмийг ОЭТС-гийн эмчилгээнд хэрэглэснээр сонсгол бууруулж дүлийрэх, бөөрөнд хортой  нөлөөтэй канамицин тарилгыг хасаж бүх эмийг богино хугацаанд (9 сар) ууж хэрэглэх эмнэлзүйн судалгааны ажил ХӨСҮT-д үргэлжилж байна. Энэхүү горимоор 41 хүнийг эмчлээд байна.

Дэлхий дахинд болон манай улсад ДЭМБ-ын 2011 онд гаргасан зөвлөмжийн дагуу ОЭТС-г 2 жил хүртэл хугацаанд эмчилдэг. Ингэхдээ өдөр бүр 4-5 төрлийн эмийг хэрэглэж, 8 хүртэл сарын хугацаанд канамицин гэх тарилгыг тарьж эмчилдэг хүнд өвчин юм. Олон төрлийн хүчтэй эм хэрэглэдэг, гаж нөлөө ихээр илэрдэг тул эмчлүүлэгч эмчилгээгээ таслах нь элбэг тохиолддогоос болж эмчилгээний үр дүн сайнгүй байдаг. Тухайлбал, 2018 онд эмчилгээний амжилт дэлхийн улс орнуудад дунджаар 55 хувь, манай улсад 63.9 хувь байгаа нь эмчлүүлж буй 10 хүний зөвхөн  5-6 нь амжилттай эмчлэгдэж байна гэсэн үг юм.


Холбоотой мэдээ