Усан спорт чийрэгжүүлэлтийн төвийн үйл ажиллагаа энэ сарын 08-наас эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-11-06 20:27:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн усан спорт чийрэгжүүлэлтийн төвийн нээлт өнгөрсөн хоёрдугаар сард болсон. Үүнээс хойш өнөөг хүртэл бэлтгэл ажил хийж байсан бөгөөд төвийн үйл ажиллагаа энэ сарын 08-наас албан ёсоор эхлэхээр болжээ.

Төвийн усан бассейн нь 600 тоннын багтаамжтай, зургаан замтай олон улсын стандартад нийцсэн юм. Орон нутагт ашиглалтад орж буй найм дахь бассейн хэдий ч олон улсын стандартад нийцсэн, бүх төрлийн тэмцээн уралдаан явуулах боломжтой гэдгээрээ бусдаасаа онцлог.   

Бассейны ариутгагч халдваргүйжүүлэгч, эмч, усан сэлэлтийн хоёр багш, аврагч гээд шаардлагатай мэргэжлийн хүмүүсээр бүрэн хангагджээ.


Усан спортын сургалтыг өдөр бүр явуулах бөгөөд зургаагаас дээш насны бүх хүмүүс үйлчлүүлэхэд тохиромжтой аж. Үнэ тарифын хувьд хамгийн хямд үнийг тогтоожээ. Тодруулбал, нэг хүн долоо хоногт гурван удаа хичээллэнэ. Нэг удаа хичээллэхэд том хүн 5000, хүүхэд 3000 төгрөг. Тогтмол болон гэр бүлээрээ хичээллэх тохиолдолд хямдрал урамшуулалтай юм байна. 

Холбоотой мэдээ