Ан амьтанд зориулж өвс, хужир бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-06 13:37:48

Ховд /МОНЦАМЭ/. Бэлчээрийн өвс ургамлын гарц, хүйтний улирлын цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан ан амьтдыг хамгаалах зорилгоор жил бүр биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлдэг.

Энэ жилийн тухайд Ховд аймгийн БОАЖГ-аас урьдчилсан байдлаар 500-700 боодол өвс, 1000-1500 кг хужир бэлтгэж, ирэх 12 болон нэгдүгээр сард ан амьтны суурьшлын бүс тодорхой цэгүүдэд тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Өнгөрсөн онд БОАЖЯ-наас дэмжиж ан амьтны биотехникийн арга хэмжээнд зориулан Ховд аймагт 4 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр Эрдэнэбүрэн, Чандмань, Манхан, Мөнххайрхан, Зэрэг, Дарви сумын нутаг дэвсгэрт суурьшиж буй аргаль, янгир, бөхөн гэх мэт ан амьтанд 450 боодол өвс, 1700 кг хужирыг үе шаттайгаар тавьж өгсөн байна.  

Түүнчлэн Мөст, Цэцэг, Дуут, Алтай суманд агнуурын менежментийг хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагаас санаачлан 1770 боодол өвс, 1000 кг хужир ан амьтанд тавьж өгч, биотехникийн арга хэмжээ авсан байна.

Ан амьтны биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд аймгийн БОАЖГ-аас гадна Дэлхийн байгаль хамгаалах сан, ан амьтны мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдын хүч, оролцоо чухал үүрэгтэй байдаг гэж албаны эх сурвалж онцоллоо.  

Холбоотой мэдээ