БСШУСЯ “Хүүхэд бүрт цэвэр ус” төслийг дэмжинэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-06 08:41:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам Мобиком корпорациас санаачилсан “Хүүхэд бүрт цэвэр ус” төслийг дэмжин хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Мобиком корпорацын ерөнхий захирал Тацуяа Хамада нар гарын үсэг зурав.

Монгол Улсад 600 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаагийн 46 хувь нь цэвэр усны хангамжгүй нөхцөлд сурч боловсорч байна. Бохир гар, шаардлага хангаагүй ундны ус нь халдварт өвчний эх үүсвэр болдог. Түүнээс гадна хүүхэд цэвэр усны хэрэглээ багатай буюу бидний хэлдгээр шингэний дутагдалтай байх нь дархлааны систем муудах, анхаарал сулрах, биеийн болон тархины үйл ажиллагаа удаашрах, толгой өвдөх зэрэг сөрөг үр дагавар үүсгэдэг байна.

Иймд Мобиком корпорац нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Хайр түгээе” нэртэй төсөл эхлүүлээд байна. Тодруулбал, “Хайраар цэнэглэе” картын орлогын 10 хувийг хүүхэд бүрт цэвэр ус хэрэглэх боломж бүрдүүлэхэд зориулах аж.

Холбоотой мэдээ