Эмнэлгүүдэд мэс заслын багаж хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-05 11:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар нийт 49 төрлийн мэс заслын багажийг улсын нэгдсэн эмнэлгүүдэд хандивлалаа.

Тус эмнэлгүүд мэс заслын багажуудын тусламжтайгаар иргэдэд илүү чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдэх юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Янь Жу Лиэнь хэлэхдээ, “Монгол орны хувьд дийлэнх өвчлөлийг зүрх судасны эмгэг, осол гэмтэл эзэлдэг тул эдгээр чиглэлээр хийдэг мэс ажилбарын тоо ч харьцангуй их байдаг. Бид энэ удаа Монгол Улсын хэд хэдэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн мэс засал, осол гэмтлийн үед хийх мэс ажилбарт шаардагдах багажийг хандивлаж байна. “Хэрэв ажил хэргээ сайн хийхийг хүсэж байвал эхлээд ажлын багаж хэрэгслээ сайтар бэлтгэж базаах хэрэгтэй” гэж хүмүүс хэлэх нь бий. Иймд эдгээр мэс заслын багаж нь Монгол орны мэс заслын эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэв.

Тайвань, Монголын талууд 2002, 2003 онд төлөөлөгчийн газраа харилцан нээснээс хойш эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байгаа юм. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Тайванийн тал Монгол орны нийт 800 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамруулжээ. Мөн өмнө нь диалезийн аппарат, зүрх судасны өвчнийг хянах, ажиглах зориулалт бүхий багаж төхөөрөмж, эмнэлгийн ор, шүд эмчилгээний багаж хэрэгсэл, төрөх тасагт ашиглах эмнэлгийн хэрэгсэл зэргийг хандивлаж байсан юм.     

Холбоотой мэдээ