Си Жиньпин Хонконгийн тэргүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШАНХАЙ. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламтай даваа гарагт уулзах үеэрээ түүнийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Уулзалт Шанхай хотод болсон байна. Тус хотод энэ сарын 5-10-ны хооронд Хятадын Олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэн болох юм. Си Жиньпин Хонконгийн байдлын талаарх Кэрри Ламын илтгэлийг сонссоныхоо дараа эмх замбараагүй байдал 5 сар үргэлжилж байгааг онцлон дурджээ. Түүний хэлснээр, Кэрри Лам тэргүүтэй Хонконгийн засаг захиргаа үүргээ бүрэн биелүүлж, засаг захиргааны тус онцгой бүсийн байдлыг тогтворжуулах, нийгмийн уур амьсгалыг сайжруулахад хүчин чармайлт гаргаж байна. Үүний зэрэгцээ тэрбээр Хонконгийн засаг захиргааны тэргүүн амаргүй хүнд ажлын ард гарсныг дурдсан байна.
Си Жиньпин мөн “төв засгийн газрын зүгээс Кэрри Ламд ихээхэн итгэж байгаа бөгөөд түүний болон түүний багийн ажлыг бүрэн хүлээн зөвшөөрч буйг” илэрхийлжээ.
Хонконгийн засаг захиргааны хувьд одоо хамгийн гол зорилго бол хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, дэг журмыг сэргээх гэдгийг БНХАУ-ын дарга онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр хүчирхийллийг таслан зогсоох, буруутай этгээдүүдийг хуульд заасны дагуу шийтгэх, Хонконгийн ард иргэдийн сайн сайхан байдлыг хангахын тулд шаргуу хүчин чармайлт гаргахыг шаардсан байна. Түүнчлэн нийгмийн бүхий л давхаргатай яриа хэлэлцээ хийх, хүн амын сайн сайхан байдлыг дээшлүүлэх зэрэг үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж Си Жиньпин онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн хонконгчууд “Нэг улс, хоёр систем” зарчим болон Хонконгийн Үндсэн хуулийг шударгаар даган мөрдөж, “Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хангахад хүчин чармайлтаа төвлөрүүлнэ” гэж найдаж буйгаа илэрхийллээ гэж Синьхуа агентлагийн мэдээнд дурдсан байна.
Холбоотой мэдээ

