БНАСАУ, АНУ ажлын түвшний хэлэлцээ хийж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-05 09:16:27

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ, АНУ ажлын түвшний цөмийн хэлэлцээний өөр нэгэн үе шатыг ирэх 12 дугаар сарын эхээр явуулах төлөвтэй байгаа талаар БНСУ-ын Тагнуулын газар даваа гарагт мэдээлжээ.


Үндэсний тагнуулын газраас парламентын хаалттай хуралдааны үеэр хийсэн мэдэгдэлд дурдсанаар, талууд өнгөрсөн 10 дугаар сард Стокхолм хотод уулзах үеэрээ бие биеийн байр суурийг мэдсэн тул дахин уулзах боломжтой ажээ. АНУ, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээ олон сарын турш зогссоны дараа хоёр орны төлөөлөгчид өнгөрсөн сард Шведийн нийслэлд уулзсан юм. Тухайн үед БНАСАУ “гар хоосон” ирсэн хэмээн АНУ-ыг буруутгаж, уг хэлэлцээ амжилтад хүрээгүй байна. 


"БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх 12 дугаар сард дээд хэмжээний уулзалт хийх шийдвэрийг гаргасан" гэж БНСУ-ын эрх баригч Ардчилсан намын төлөөлөгч Ким Мин Ки тагнуулын газрын мэдээллийг иш татан уламжилсан байна. Гэсэн хэдий ч Үндэсний тагнуулын газрын мэдэгдэлд Трамп, Ким нарын гурав дахь дээд хэмжээний уулзалтын товын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байжээ. 

Холбоотой мэдээ