Намрын их ажлын сүүлчийн өдрүүд

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-11-04 18:21:12

Улсын хэмжээнд 2019 оны намар 420 мянган тн улаанбуудай хураах нь ургац тогтоолт (9дүгээр сарын 5)-оор тогтоогдож байжээ. Эдүгээ  305 мянган га талбайгаас 379 мянган тн улаанбуудай хураан авчээ.  Энэ нь улаанбуудай  тарьсан нийт талбай (364.8 мянган га)-н 87  хувь (11 дүгээр сарын 01) нь ажээ. Одоо 60 орчим мянган га талбайн улаанбуудайг хураана. Ургац хураалт дуусахад ургац хураалтаар  тогтоосон 420 мянган тн улаанбуудай хураан авах боломжтой болох аж. Энэ хэмжээний улаанбуудай нь манай улсын дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна.


Мөн төмс (14.8 мянган га), хүнсний ногоо (8 мянган га) тарьсан нийт талбайн 98 хувь (11 дүгээр сарын 01)-иас 189.4 мянган тн төмс, 90.1 мянган тн хүнсний ногоо хураажээ. Харин  ургац тогтоолт (9 дүгээр сарын 5)-оор 176.8 мянган тн төмс, 91,2 мянган тн хүнсний ногоо хураана гэж тогтоогдож байжээ. Тэгвэл  (11 дүгээр сарын 01) байдлаар авч үзэхэд төмс урьдчилсан байдлаар  13 мянган тн-оор давсан байна. Хүнсний ногоо ч хурааж дуусахад ургац тогтоолтоор тогтоосон хэмжээнд  хүрэх боломжтой гэж мэргэжилтнүүд ярьж байна.


Ер нь жил бүрийн 11 дүгээр сард Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр  14-19 хэм хүртэл хүйтэрч байсан байна.  Говийн нутгаар  2-8 хэмийн хүйтэн, бусад нутгаар 9- 14 хэм хүртэл хүйтэрч байжээ. Гэвч зарим жил энэ утгаас нийлээд хазайдаг аж. Тухайлбал 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байжээ.


Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас (цас бороо)  ордог. Гэвч жил бүр харилцан адилгүй байжээ. Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 1980 онд,  мөн 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст  олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон.  Харин 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар  дунджаас бага цас оржээ гэж Ус, цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар сайхан байлаа. Гэвч өглөөнөөс эхлээд сэвэлзүүр салхитай байв. Энэ долоо хоногийн төгсгөл бямба гариг (11 дүгээр сарын9)-аас эхлээд газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар багавтар цастай гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Ирэх өдрүүдэд дээрх нутгаар шөнөдөө -3-аас -7 хэм хүйтэн, өдөртөө +3-аас +7 хэм байх аж. Энэ сарын түрүүчийн цасны чимээ гарч  эхлэх энэ өдрүүдэд тариа хураалт дуусах шатандаа орлоо.  Намрын их ажлын ард манай тариаланчид гарна. Араас нь “ Атарын 60 жил” арга хэмжээ үргэлжилнэ. Энэ их ойгоо манай тариаланчид арвин ургац хураан энэ жил угтах нь. Энэ  намрын их ажлын сүүлчийн өдрүүд үргэлжилж байна

Холбоотой мэдээ