Хууль бусаар вакцин худалдсан хэрэгт 350 гаруй албан тушаалтан холбогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-14 16:19:18

БЭЭЖИН. /TASS/. Хууль бусаар вакцин худалдсан гэх дуулианд холбогдсон 357 өндөр албан тушаалтныг шийтгэх шийдвэрийг Хятадын Төрийн зөвлөл гаргалаа. Хятадын төв телевизийн мэдээлснээр, ийм шийдвэрийг лхагва гарагт гаргасан байна.

Дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь халах эсвэл тушаал бууруулах арга хэмжээ авах аж.

Хугацаа нь хэтэрсэн болон буруу хадгалсан вакциныг хууль бусаар худалдсан хэрэг Хятадын иргэдийн дургүйцлыг ихээхэн төрүүлсэн юм. Энэ үйлдлийг мөрдөн шалгах явцад 192 эрүүгийн хэрэг үүсгэж, 202 хүнийг баривчилсан байна. Хэргийн гол буруутан нь Шаньдун мужийн эм зүйчид юм. Тэд зуучлагчаар дамжуулан Хятадын 20 гаруй бүс нутагт вакциныг хууль бусаар худалддаг байжээ.

Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, хууль бус худалдаа 2011 оноос эхтэй аж. Нийтдээ 310 сая юанийн /47.6 сая доллар/ өртөг бүхий вакциныг худалдсан болохыг цагдаа нар тооцон гаргажээ. Мөн 20 мянга гаруй тун вакциныг хураан авсан байна.

Хууль бусаар вакцин худалдсантай холбоотой хэргийг мөрдөн шалгахын тулд Хятадын Төрийн зөвлөлийн шийдвэрээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулсан ажээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ