“Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Дундговь аймагт болов

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-11-04 20:10:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, Эрс шинэчлэл хөдөлгөөн, “Босоо хөх Монгол” ТББ-аас хамтран орон даяар зохион байгуулж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Өлзийт, Баянжаргалан, Хулд, Луус, Сайнцагаан зэрэг сумын удирдлагууд, малчид, иргэд  150 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн үеэр “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ий тэргүүн Д.Энхбат “Монголын уул уурхай-баялгийн хараал”, “Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа “Эх орон газар шорооныхоо эзэн байцгаая”, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Эх дэлхий-Хүн төрөлхтөн-Монгол Улс-Бодлогын хувьсгал”, аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ “Дундговь аймгийн уул уурхай, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэл тавьж, мэдээлэл өгсөн бөгөөд иргэд уул уурхайн чиглэлээр өөрсдийн нутаг орондоо тулгамдаж байгаа асуудлууд, бэрхшээлийн талаар ярьж,  санал бодлоо хуваалцлаа.

Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ тавьсан илтгэлдээ “Дундговь аймгийн хэмжээнд уул уурхайн олборлолтын гол нэр төрлийн бүтээгдэхүүн нь нүүрс, жонш, гөлтгөнө байдаг. Эдгээрийн олборлолтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад гөлтгөний олборлолт биет хэмжээгээр 32 хувиар, мөнгөн дүнгээр 3,4 хувиар буурсан бол нүүрсний олборлолт биет хэмжээгээр хоёр хувиар буурч, мөнгөн дүнгээр 12,5 хувиар өссөн. Жоншны олборлолт биет хэмжээгээр 12,5 хувиар буурч, мөнгөн дүнгээр 28,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хариуцлагатай уул уурхай бол байгаль орчин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, Олон улсын дэвшилтэт технологид тулгуурлаж, хууль ёсыг дээдэлсэн нийгмийн хариуцлагатай, улс, орон нутагт ашиг орлого оруулж байх, эрдэс баялгийн салбарт хийх цогц үйл ажиллагаа юм. Ийм л байж бид хамтдаа урагшилна” гээд 2019 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд байгаа тусгай зөвшөөрлүүдийн талаар танилцуулсан юм.

Тус аймгийн 13 сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын 98 тусгай зөвшөөрөл, 15 сумын нутагт хайгуулын 119 тусгай зөвшөөрөл, нийтдээ хайгуулын болоод ашиглалтын 217 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд эдгээрийн талбайн хэмжээ нь 802 635,4 га  буюу нийт нутаг дэвсгэрийн 10,7 хувийг эзэлж байгаа ажээ.

Ашиглалтын 98 тусгай зөвшөөрлийг 76 ААН эзэмшиж байгаагийн 27 нь жоншны, 15 нь нүүрсний, 11 нь гөлтгөний, 9 нь барилгын материалын, долоо нь төмрийн, гурав нь алтны, үнэт металл, ураны тус бүр нэг орд байна.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс уул уурхай орон нутагтаа ашиг өгөөж өгөхөөс илүү хүн, малдаа аюулгүй байх ёстой. Гэтэл уул уурхай гамшгийн хэмжээнд хүрч байна хэмээн онцлон ярилаа. Тухайлбал: Баянжаргалан сумын иргэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Эрдэнэс тавантолгойн нүүрсийг тээвэрлэхийн тулд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Шивээ-Овоогийн чиглэлд, гурван аймгийн зургаан сумыг дамнасан 450 км-т өдөртөө 100 орчим хүнд даацын машин шороон замаар явж өнгөрч байна. Бэлчээрийг талхалж, сүйтгээд зогсохгүй тоосжилт гамшгийн хэмжээнд хүрлээ, мал хийхэд гэдэснээс нь шороо л гардаг боллоо гэсэн бол Өлзийт сумын нэг, хоёрдугаар багийн иргэд багийн нутаг дэвсгэрт ураны хайгуул хийсэнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд тус нутгийн иргэд хорт хавдар тусч, мал хээл хаях нь ихэсч байгаа талаар өөрсдийн нөхцөл байдлыг ярьсан юм.

Мөн иргэд жоншны бичил уурхай эрхлэх хууль, журмыг боловсронгуй болгох, зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж байж уурхай нээдэг байх, энэ олон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдээ хянаж цөөрүүлэх, цэгцлэх зэрэг саналуудыг хэлж, хариуцлагатай уул уурхай гэж яг ямар байх ёстой вэ, яг юуг хэлээд байгаа юм бэ, энэ олон хариуцлагагүй компаниудыг яах вэ, сум орон нутаг хүчрэхээ байлаа гэсэн асуудлуудыг хөндлөө.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа,  Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор нар дээрх бүх асуудлыг шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, иргэддээ мэдээлэл сайн өгч, орон нутагтаа иргэд, малчид, ТББ, Төрийн байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй, бие биенээ хардаж, хоорондоо маргалдах шаардлагагүй, хамтын хүчээр гарц хайж байж бэрхшээлийг даван туулна, хариуцлагагүй ажиллаж байгаа компаниудтай хариуцлага тооцох механизм нь хуулинд байгаа гэсэн зөвлөгөөг өгсөн юм. Дундговь аймгийн Өлзийт сумын нэг, хоёрдугаар багийн иргэдийн зүгээс багийнхаа нутаг дэвсгэрт Ураны үйлдвэр бариулахгүй, тэмцэнэ гэдгээ албан ёсоор илэрхийллээ. 

Холбоотой мэдээ