Санхүүгийн хяналтад мэргэжлийн байгууллага оролцоно

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-11-04 12:37:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт (ММНБИ) сэтгүүлчдэд үйл ажиллагаагаа танилцууллаа.

Энэ үеэр төрийн зарим чиг үүрэг, үйлчилгээг ТББ, мэргэжлийн холбоодод шилжүүлэх үйл ажиллагааны дагуу ММНБИ нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, олон улсын стандартыг орчуулах мөрдүүлэх, аудитын компаниудад  чанарын хяналт хийх зэрэг ажлыг Сангийн яамтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгааг мэдээллээ.

Дээрх хяналтын чиг үүрэг манай улс олон улсын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор аудитын буюу хяналтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ийнхүү мэргэжлийн байгууллагад ирж буйг ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж мэдэгдэж байв. Манай улсад гарч байгаа санхүүгийн эрсдэлүүдтэй холбоотойгоор чанарын хяналтыг сайжруулахад мэргэжлийн байгууллагын оролцоо чухал болохыг онцолсон юм.


Тэрээр цааш нь хэлэхдээ, “Мэдээлэл технологийн эрин зуунд санхүүгийн үнэн зөв, бодит мэдээллээр хангах явдал улам чухал болж ирж буй”-г онцлоод, “Нягтлан бодох, бүртгэлийн салбарт мэдээллийн технологи нэвтэрч байгаа нь зардал, цаг хугацааг хэмнэж, бүтээмжийг дээшлүүлж үр ашиг авчирч байна. Үүнтэй холбоотойгоор нөгөө талд аудитын үйл ажиллагаа улам нарийсахад хүргэж байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор нягтлан бодогч, санхүү, бүртгэлийн ажилтнууд шийдвэр гаргах шинэ түвшинд очиж байна” хэмээн тэмдэглэж байлаа.


Шинэ түвшний нөхцөлд санхүү, нягтлан бодох үйл ажиллагаанд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгааг хэлэхдээ, “Төсөв, зээл, хөрөнгө оруулалт зэрэг мөнгө, санхүүтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд өртөг, зардал, үр ашгийг тооцохгүйгээр цааш явахгүй" гэдгийг онцлов.

Энэ тал дээр төсвөө удирдаж, хуваарилах, зарцуулах талаар эхлээд мэргэжлийн байгууллагаар үр ашгийг тооцож тодорхойлуулсны дараа төсвөө хүлээн зөвшөөрүүлж баталдаг АНУ-ын Ерөнхийлөгч болон Конгрессын жишээг татаж байлаа. Гэтэл манай улсад эсрэгээр, дээрх бүхнийг тооцохгүй явж ирснээр төсөв, зээл, хөрөнгө оруулалт хүртэл зардал болон хувирч буйг шүүмжилж байв. Тухайлбал, аливаа улсын өр ч гэсэн зарцуулах зүйлдээ тооцогдож явдаг. Ингэхгүйгээр өр нь зардал болон үр ашиггүй зарцуулагддаг жишээг хэлж байв.

Б.Болд

 

Холбоотой мэдээ