Сумдад амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мэдээллээс хол байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-11-02 23:02:37

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг ханган ажиллах орон тооны бус зөвлөлийн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Чулуут, Ихтамир, Батцэнгэл, Өлзийт, Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр гэсэн 10 суманд ажилласан байна.

Дээрх ажлын хэсэг өнгөрөгч 9, 10-р саруудад сумдад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд, асран хамгаалагч нартай уулзалт хийж, тэдэнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, мэдээ мэдээлэл өгөх, хууль сурталчлан таниулах зорилгоор ажиллаад иржээ.

Суманд амьдарч, ажиллаж байгаа ХБИ-д өөрт холбоотой мэдээ, мэдээллээр хомс, сургалтад огт хамрагддаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомж, шинээр гарч буй бодлого шийдвэрүүдийн талаар ямар ч мэдлэггүй байжээ. Мөн Халамжийн сангаас олгодог хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнүүд болон бусад төрийн үйлчилгээний талаар ч мэдээлэлгүй байжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын хувьд мөн л аймгийн төвтэй адилхан хангалтгүй. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртээ сургуулиас завсардсан, цөөн тооны хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролд хамрагдаж байсан байна. Нэг суманд 2-3 хүүхэд л сурдаг гэсэн тоон мэдээлэл зөвлөлийнхөнд өгчээ.

Уулзалтуудад Эрдэнэмандал, Чулуут сумынхан маш идэвхтэй оролцсон ба нийт оролцсон иргэдийн зүгээс жилдээ нэг удаа мэдээлэл өгөх, иргэдийг идэвхжүүлэх ажил хийж байхыг санал болгосон байна. 

Холбоотой мэдээ