"Хааны хачин" үзэсгэлэнг энэ сарыг дуустал дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-01 18:40:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хааны хачин" нэртэй  VIII Богд Жавзандамба хутагт болон улсын эх дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд дурсгалын зүйлс, ховор нандин, хачин сонин үзмэрүүдийг өнөөдрөөс Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.

Богд хааны мэндэлсний 150 жилийн ойг соёрхон ёслох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, орон даяар тэмдэглэх захирамжийг Монгол Улсын Ерөнхий сайд баталж энэ жилийн турш олон ажил өрнүүлж байна. Богд хааны мэндэлсэн 11 дүгээр сарын 4-ний өдрийг угтан энэхүү үзэсгэлэнг гаргаж байгааг музейн захирал Ц.Эрдэнэбаатар онцоллоо.  Мөн Богд хааныг "хачин цуглуулгатай, хачин сэтгэдэг, хачин хүн" байсан, тиймээс хачин үзмэрээс нь ил гаргаж байна хэмээн дурдав. Үзэсгэлэнд Богд хаан, Дондогдулам хатны титэмт малгай, лүүжин буухдаа өмсдөг байсан шүрэн малгай, үнэт дээл, алтан гутал зэргээс гадна, ёстой л хачин гэхээр, мэргэ зурхайд ашигладаг байсан бөөр, загас хэлбэрийн чулууд, үхрийн чулуужсан яс, хүний гавлан аяга, загасны хошууны ясаар хийсэн хөрөө сэлэм, чойжингийн зангидсан ган сэлэм, төвөд ханчин гутал, төрийн шар ордны дэргэд байрлуулж байсан дохионы буу тэргүүтэнг залсан байв.


Мөнгө, гууль, төмөр, чулуугаар урласан долоон хоног, сарын хэмжүүр бүхий ширээний цаг ч байна. Галбарваасан чулуужсан мод, алт, гууль, мод хослуулсан уран сийлбэрт эмээл, алт, мөнгө, ямбуун хударга, алтан жасар хоргой, алт мөнгөн чимэгт дээл, хааны бага насны хөл магнаг дээл, торго, сувдан хантааз гэх зэрэг үнэ цэнтэй олон эдлэл, хэрэглэлийг мөн үзүүлж байна.


Алтан хүрээтэй улаан хаш аяга, уг аяганы  гурван хөлт  мөнгөн тавиу, хаш, шүр хөөрөг, хэт хутга, модон шатар, шүрэн эрих нь хаан, хатан хоёрын мутар хүрч байсан эдлэлүүд юм. 



 “Хааны хачин” үзэсгэлэнг энэ сарыг дуустал дэлгэх аж. Мөн Богд хааны ордон музей өнөөдрөөс эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжиж байгаа тул мягмар, лхагва гарагаас бусад өдөр 10.00-17.00 цагт олон нийтэд үйлчлэх хуваарь гаргажээ. Богд хааны мэндэлсэн 11 дүгээр сарын 4-нд Гандантэгчэнлин хийдэд Жавзандамба хутагтын хөргийг Батцагаан дуганд залж мандал өргөх ёслол 08.00-13.00 цагт болох юм байна. Мөн өдрийн 15.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрт Жавзандамба хутагтад зориулсан ёслол хүндэтгэлийн тоглолт болно.



Холбоотой мэдээ