А.Ганбаатар, Ц.Сандуй нарт дөрвөн жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-01 09:23:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болж тэдэнд сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял оноов.


Нийслэлийн прокурорын газраас тэдэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.


Шүүх хянан хэлэлцээд, шинэ Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Тус хуулийн заалтад, сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Холбоотой мэдээ