Ираны хоригоос Оросын зарим компанийг хасаж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-31 11:01:56

ЛОНДОН. /Reuters/. АНУ Ираны асуудлаарх хориг арга хэмжээний жагсаалтаас ОХУ, БНХАУ болон Европын Холбооны хэд хэдэн компанийг хасах бодолтой байгаа бөгөөд энэ нь тэдэнд хязгаарлалтын арга хэмжээнд орох эрсдэлгүйгээр цөмийн объектуудад ажиллах боломжийг олгож байгаа аж. 


Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс гарах тухайгаа АНУ өнгөрсөн оны 5 дугаар сарын 8-нд мэдэгдэж, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан юм.


Жилийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 8-нд Иран цөмийн хэлэлцээрийн асуудлаарх биелүүлэх үүргээ хэсэгчлэн зогсоож байгааг тус улсын Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдсэн юм. Одоогоор Ираны эрх баригчид гэрээний асуудлаар хүлээх үүрэг хариуцлагаа гурав дахиа багасгаад байгаа аж.


Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээр болох Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг Иран улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд болох ОХУ, Их Британи, БНХАУ, АНУ, Франц болон Герман улстай 2015 онд байгуулж байсан юм. Энэхүү хэлэлцээрт НҮБ, АНУ болон Европын Холбоо Ираны эсрэг дангаар авах хориг арга хэмжээгээ цуцалж байгаагийн хариуд Ираны эрх баригчдыг цөмийн боловсруулалтаа хязгаарлахыг тусгасан байна. 

Холбоотой мэдээ