Хүчний гурван төрөлт тэмцээнд 200 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-30 17:28:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Ирэх сарын 16, 17-нд Орхон аймагт хүчний гурван төрөлт бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээн болно. Нийт 200 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа ажээ. Үүнийг Орхон аймгийн “Хүчний гурван төрөлт, фитнесийн нэгдсэн холбоо” санаачилж таван жилийн ойгоо тохиолдуулан зарлаж байгаа юм.

Хүчний гурван төрөлт спорт нь монгол хүний биеийн онцлогт тохирсон гэдгээрээ давуу талтай гэж уг спортоор хичээллэгсэд хэлж байна. Мөн хүүхэд, залуучуудыг уг спортод уриалан дуудах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх болон бие бялдрын хөгжилдөө анхаарч эрүүл амьдрах дадал, зуршлыг бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уралдаан зарласан гэлээ.

Орхон аймагт 10 гаруй фитнес клуб ажилладаг. Сүүлийн үед залуучууд фитнесээр хичээллэх нь нэмэгджээ.

Ташрамд дурдахад, “Хүчний гурван төрөлт, фитнесийн нэгдсэн холбоо” нь улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа гурван удаа II байр, нэг удаа III байр, бүсийн тэмцээнд хоёр удаа I байрт оржээ. Мөн Дэлхийн аварга найм, Ази тивийн аварга 12 тамирчин байгаа ажээ. 

Холбоотой мэдээ