Увсын Засаг дарга АТГ-т мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 11:57:18

МАН-ын гишүүн н.Батжаргалын мэдээллээр Авилгатай тэмцэх газраас хүн ирж Увс аймагт ажиллалаа. Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэнг Гудамж төслөөс мөнгө завшсан, аймгийн 90 жилийн ойн хандивын зарцуулалтыг тайлагнаагүй, 190 км зам барихад түгээмэл тархацтай байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөр аваагүй гэсэн үндэслэлээр шалгуулжээ.

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн эдгээр асуудалд доорх хариултыг өгчээ.
“Гудамж төслийн хувьд орон нутагт хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажлыг орон нутаг болон “Гудамж” төслийнхөн хариуцсан. Харин санхүүжилтийг нь олгохдоо Хөгжлийн банкнаас гүйцэтгэлийг нь тооцож олгож байгаа.

Түгээмэл тархацтай байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөрийн хувьд 2001 онд УИХ-аас баталсан “Мянганы зам төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс чөлөөлөх тухай” хуулийн үндэслэлээр татвар аваагүй байсан. Үүнийг Зам тээврийн яамнаас тодруулж Увс-Ховдын чиглэлийн трасст хамаарах 45 км замын Түгээмэл тархацтай байгалийн дагалдах баялаг ашигласны төлбөрийг чөлөөлж, үлдсэн хэсэг болох 145 км замд ногдох татварыг оногдуулсан. Ингэснээр одоогийн байдлаар орон нутгийн орлогод 200 сая төгрөг төвлөрөөд байна.
Аймгийн 90 жилийн ойн хандивын зарцуулалтын хувьд цугларсан хандив болон зарцуулалтаа мэдээлсэн. Хандивыг төлөвлөсөн ажлууддаа төсөвлөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд танилцуулан хяналттай зарцуулсан бөгөөд бүх данс тооцоогоо нэгтгэн аудитаар шалгуулна” гэсэн аж.

Тэрбээр цааш нь, “Hамайг АТГ-т дуудвал би гутал, оймсоо өмсөөд, зангиагаа засаж зүүгээд очиж шалгуулна. Надад хууль зөрчсөн зүйл үгүй. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ