Жаргалант сумын залуучуудын гарааны бизнесийг 10 сая төгрөгөөр дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-30 10:03:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаа болов.

Аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр энэ онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг  нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 22 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, гурван жилийн хугацаатай, тус бүрт 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор шийдвэрлэжээ.

Үүнээс өнгөрсөн сард 16 шинэ гарааны бизнес төсөл шалгаруулан дэмжсэн. Тэгвэл энэ удаа дахин 6 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах үйл ажиллагаа өрнөв.

Энэ удаагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаанд Жаргалант сумын 12 багийн 168 хүн оролцож 51 бизнес санаа танилцуулсан.

Үүний үр дүнд  Жаргалант сумын Баатархайрхан багийн иргэний Дуу, дүрс бичлэгийн студи, Рашаант багийн иргэний Англи хэлний цогц сургалт, Бичигт багийн иргэний “Гутлын салон”,  Алагтолгой багийн иргэний “Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, Буянт багийн иргэний Ховд-Аялал, Магсаржав багийн иргэний “Элдэвтэй гурил” төсөл шалгарч, тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээлд хамрагдах эрхийн бичиг гардан авав.

Эдгээр гарааны бизнес төслийг шалгаруулахдаа шинэлэг байдал, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг зөв тодорхойлох гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн гэж шүүгчид онцоллоо.

Ийнхүү залуучуудын гарааны бизнес төслийг дэмжсэнээр орон нутагт шинэ ажлын байр бий болгох боломж бүрдэж буйгаараа онцлогтой.

Холбоотой мэдээ