380 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод найман зуун уран бүтээлч оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-29 11:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 380 жилийн ойн Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Тоглолтод Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцлоо. 

Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид таалан соёрхсон байна.


380 жилийн намтар баян түүхтэй Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Төрийн шагналт, МУГЖ Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Тайзнаа үзэгдээгүй удсан Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуугаа МХО-ы найрал дуучидтай хоршин дуулж  нээв. 

Ардын жүжигчин Д.Самбуу “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аа, Ардын жүжигчин А.Долгор “Улаанбаатарын уянга”, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Улиастайн гол”,  Н.Амгалан “Дөрвөн уул”, Б.Мөнхбаатар “Хөх торгон цамц”, Ө.Уянга “Увидаст лимбэ” дуурийн “Шөнийн хатны ари”, С.Мөнгөнцэцэг алтан партнёр Б.Гомбо-Очиртойгоо “Хүний заяа”, “Чингис хаан” одонт гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”, ган хоолойт С.Ганзориг “Миний Улаанбаатар”-аа дуулж үзэгчдийн алга ташилтаар дахин дахин мялаалгав.  Түүнчлэн МУУГЗ Б.Батчулуун, МУСТА С.Наран тэргүүтэй рок попын одод, Улсын филармонийн жааз хөгжимчид, дуучид, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Дарима Дугданова, Оросын Холбооны Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Нямбаяр гээд олон  содон уран бүтээлч ая дуугаа өргөлөө.                                           

Холбоотой мэдээ