Нийтийн номын санд “Эко танхим”-ыг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-10-25 17:00:50

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын санд “Их мэдэх танхим”, “Гэр бүлийн танхим” гээд тодорхой бүлэгт чиглэсэн ном уншлагын танхимууд байдаг. Тэгвэл 10 дугаар сарын 24-ны өдөр дахин нэг танхим нээсэн нь “Эко танхим”.

Энэ танхимд ороход туулай, яст мэлхий, загас сонирхсон цэцэрлэгийн хүүхдүүд, ховордсон ургамлын хатаамлыг нухацтай ажиглах ахлах ангийнхан, насаараа номонд дурлаж, номтой нөхөрлөж яваа буурлууд гээд энэ танхимд нас насныхан цугласан нь цаанаа л нэг дулаахан, өөриймсөг мэдрэмж төрж байв.

БСШУСЯ-ны 8 сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан тус танхимын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид оролцож, цаашид дэмжиж туслахаа илэрхийллээ. Аймгийн Нийтийн номын сангийн дарга О.Мөнхтуяа “Эко танхим”-аараа дамжуулан аймгийн БОАЖГ-тай нягт хамтран ажиллаж, хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хайрлах үзэл төлөвшүүлж ажиллана гэлээ.

Аймгийн БОАЖГ-аас “Эко танхим”-д зориулж ховордсон ан амьтны зураг, мэдээлэл бүхий “Улаан ном”-ыг гардуулж өгөв.

Холбоотой мэдээ